Хүн бүрийн хувьд гэр бүл нэгдүгээрт буй биз ээ. Сайн ч бай, муу ч бай тэднийхээ үлгэр дуурайллыг өөртөө тусган, нийгмийн анхдагч орчин болох нь гэр. Энэхүү ам бүлийг халуун дулаан ба хүйтэн жавартай гээд олон улирлаар ээлжлэн үлээх уур амьсгал бүр миний амьдралын нандин дурсамжууд байсан мэт. Эргээд бодоход аав ээжийн загнаж шүүмжилсэн, магтаж сайшаасан хором мөчүүдэд огтхон ч хувираагүй тэдний охин үрээ гэсэн хайр агуу ажээ. “Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд” гэгчээр хэзээ ч буцааж хариулж дуусашгүй их хайр энэрлийг чинь олж заяасан хувь хишигтэй би азтай хүн юм. Анх дуугаа хадаан төрөхдөө л магад та хоёрыгоо баярлуулсан даа. Харин түүнээс хойш одоо хүртэлх амьдралдаа намайг л жаргалтай байлгах гэсэн сэтгэлээр биедээ таарахгүй хүнд ачааг өөртөө үүрэн зүтгэсэн. Одоо “Тиймээ, хоёулаа чадсан” гэж бахархалтайгаар хэлнэ үү. Учир нь охин нь том болж, ухаан сууж л явна. Энэ ачааг чинь үүрэлцэх насандаа ирээгүй ч зовлонг чинь хугасалж, үрчлээтсэн нүүрэн дээр чинь гэрэл цацруулахаар, мойнийж эвэршсэн хурууг чинь атгаж мишээл тодруулахаар дайтай болсон шүү. Миний төрснөөс хоёр буурлын минь нас нөгчих хүртэлх цаг хугацаа амьдралын минь алтан үе байх болно..
Айлын хэнз хүүхэд болохоороо ч тэр үү, ганцаараа өссөн юм шиг л дураараа хэрнээ олон насны зөрүүтэй эгчтэйгээ “Боломжоор эгч дүүс, сонголтоор найзууд” явж ирсэн ч сүүлийн хэдэн жил эгчээсээ бие холдсоноор айлын ганц мэтээр төсөөрчихжээ. Олон гайхалтай дурсамж дунд би л ганцаар сайныг эдэлж, сайхныг үзэж ирсэнд гэмшил төрнө. Ёстой л “хир халдаахгүй” гэсэн сэтгэлээр бүгд ханджээ. Тиймдээ ч би бусдад дээрэлхүүлж үзсэнгүй. Намайг өмөөрч хамгаалах гурван чандмань эрдэнэ байгаа болохоор ирээдүйд дэлхийн хэмжээний алдартай эмч болно гэж ам гарахаас илүүтэй гэр бүлээ өвчин зовлонгоос холуур байлгах эрхэм зорилгыг өмнөө тавина. Ажил үйлсийг минь бүтэмжтэй байлгаж урт наслаарай.
Үндэсний лаборатори
“Эрдмийн далай” цогцолбор сургуулийн
10а ангийн сурагч Г.Энхзул
Ээж аав минь урт наслаарай энэ бол миний ”Нандин хүсэл” |
|
Сэтгэгдэл бичих