Газрын цэнхэр нүдэн Хөвсгөл нуурын өвлийн гайхамшгийг олон нийтэд сурталчлан таниулж, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой жил бүр уламжлал болгон зохиодог “Хөх сувд-2019” мөсний баяр өнгөрсөн амралтын өдрүүдэд Хатгал тосгоны Хүй толгойд болж гадаад, дотоодын 20 гаруй мянган иргэн хүрэлцэн ирж оролцлоо. Хөлгүй цэнхэр Хөвсгөл далайн толин цэнхэр мөсөн дээр болсон “Хөх сувд-2019” мөсний баяраас бэлтгэсэн багц мэдээллийг хүргэж байна.
Мөсний баярт 10 гаруй аймгийн 20 гаруй мянган иргэн оролцлоо
Хөх сувд мөсний баяр жилээс жилд өргөжин тэлж зохион байгуулалт сайжирч, үзвэр үйлчилгээ нь нэмэгдсээр байна. Энэ жил Архангай, Төв, Сэлэнгэ, Булган, Эрдэнэт, Говьсүмбэр, Дархан, Эрдэнэт зэрэг 10 гаруй аймгийн төлөөлөл хоймор нутгийг зорин ирж 20 гаруй мянган иргэн Хөвсгөл нуурын толин цэнхэр мөсөн дээр эрүүл агаарт хоёр өдөр тухлан саатлаа. Тус үйл ажиллагаанд НҮБ-ын ХХААБ-ын суурин төлөөлөгч Винод Ахужа, тус байгууллагын Монгол дахь шадар суурин төлөөлөгч Г. Нямжаргал, Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, тогтвортой ойн менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх төслийн үндэсний зохицуулагч Ц.Солонго, Японы ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Хөвсгөл нуурын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн менежер Т.Эрдэнэжаргал, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд тэргүүтэй орон нутгийн удирдлагууд оролцлоо.
Мөсний баярыг БНХАУ-ын Синьхуа агентлаг сурвалжиллаа
Монгол орны хойморт орших Хөвсгөл нуурыг сонирхон ирж буй аялагч жуулчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Өнгөрсөн жил 100 гаруй мянган гадаад, дотоодын аялагч ирсэн байна. Мөсний баярыг гадаад дотоодын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд ирж сурвалжилж дэлхийд таниулж байна. Тухайлбал "Хөх сувд-2019" мөсний баярыг БНХАУ-ын төрийн өмчит Синьхуа агентлаг анх удаа ирж сурвалжилж, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, С1 телевиз, Ийгл, Хөвсгөлийн өнгө сайт, Түмний телевиз, Zindaa.mn сайт, Тайванийн телевиз болон орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд сурвалжилж олон улсын хэмжээнд таниулан сурталчилж байна.
Хоймор нутгийн уран бүтээлчдийн авьяас, ур шингэсэн мөсөн хотхон
Энэ жил Хөвсгөл нуурын мөсөн дээр гурван төрлийн мөсөн байгууламжийг бүтээсэн байна. Орон нутгийн онцлогийг харуулсан “Нүүдэл” хотхонг нутгийн урчууд бүтээж, аймгийн байгаль орчны газрын байгууллагууд уул, ус, хангай дэлхийгээ хайрлахыг уриалсан мөсөн хотхон, хүүхэд багачуудын тоглох 2 мөсөн гулгуурын талбайг бүтээж мөсөн хотхоныг орчин үеийн гэрэлтүүлэгтэй болгожээ.
Жилийн дөрвөн улиралд тэмээ, сарлаг, морь, цаа хөллөн нүүдэллэн амьдардаг монгол өв соёл, уламжлалыг мөсөн хотхоноос тольдож ирсэн хүн бүр зургаа авахуулан Хөвсгөл нутгийн уран бүтээлчдийн авьяас чадварыг бахдан магтаж байлаа.
Харин Байгаль орчны газрын харьяа байгууллагууд мөсөн гэрийг бүтээн дотор нь мөсөөр сэнтий засч амрах тухлах, зургаа авахуулах боломжийг олгосон төдийгүй мөсөн тавцан дээр мөсөөр хийсэн аяга, тавганд идээ ундаа бэлтгэн ирсэн зочдыг дайлж байлаа.
Мөн 50 жилийн дараа Хөвсгөл нутагт байгааг нь тогтоосон ирвэс, чаргатай морь зэргийг мөсөөр гайхалтай урнаар дүрслэн бүтээжээ.
Морин чарганы уралдаанд 30 гаруй уяач оролцов
Мөсний баярын гол арга хэмжээний нэг бол морин чарганы уралдаан юм. Тус уралдааныг Хөвсгөл далайн баруун эрэг Шогногор гэдэг газар 12 км зайнаас нуурын толин цэнхэр мөсөн дээгүүр Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамт олон амжилттай зохион байгууллаа. Уралдаанд Б.Батжаргалын хар алаг морь түрүүлж, Н.Батмөнхийн хүрэн, П.Баттулгын хүрэн халзан, Д.Эрдэнэбатын халтар, Ц.Гансүхийн хүрэн морьд айргын тавд хурдалж мөсөн дээр хуран цугларсан наадамчдыг баясгав.
Хамгийн гол нь уралдааны зам тэгш байх шаардлагатай бөгөөд Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамт олон замыг уралдаан болох шөнө мөсийг нь тэгшилж, ус хөлдөөн, Мэргэний үзүүрийн мөсний орзонг лоом, сүхээр засч, ус татаж хонхоруудыг тэгшилсэн учраас ямар нэгэн саадгүй боллоо гэдгийг Морин чарганы уралдаанд оролцсон уяачид хэлж байлаа.
Сайхан морин чаргатай уяачийг анх удаа шалгарууллаа
Хөвсгөл нуурын мөсний баярын анхны гол брэнд Морин чарганы хөгжлийг дэмжих, өвлийн аялалыг хөгжүүлэх, уламжлалыг сэргээх, жуулчдын сонирхлыг татах, тав тухыг хангах үйлчилгээг сайжруулах, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг дэмжиж орлогыг нэмэгдүүлэх зорилгоор энэ оноос эхлэн "Сайхан морин чаргатай уяач" гэсэн шинэ төрлийг санаачлан анх удаа шалгарууллаа. Анхны ивээн тэтгэгчээр Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Р.Жаргалсайхан хамтран ажилласан байна. Сайхан морин чаргатай уяачаар Хатгал тосгоны уяач ах дүү нар болох П.Баттулга, П.Батхуяг нар шалгарлаа. Залуус далайн тээвэрчин байсан буурал аавынхаа эдэлж хэрэглэж байсан морины тоног хэрэгслийг сайхан өвлөж, хөгжүүлж монгол ахуйгаараа гоёж байгаа нь онцлог байлаа.
“Хаант тэнгэрийн Самгалдай”-н бөө нар Далай ээжийг аргадан тахив
Мөсний баярт хүрэлцэн ирсэн гадаад, дотоодын иргэдэд зориулсан сонирхолтой арга хэмжээний нэг галын тахилга, бөөгийн зан үйл байлаа.
“Хаант тэнгэрийн Самгалдай” төрийн бус байгууллагатай хамтран Хөвсгөлийн бөө нар соёлын биет өвийг танилцуулах зорилгоор гэр музей байгуулж, “Галын тахилга, бөөгийн зан үйл” арга хэмжээг зохион, далай ээжийн 13 хайрхадыг 13 лусын эхтэй нь хамт тахиж, аймаг орон нутгаа даатган, нутгийн ард иргэддээ лусын хишиг буян хураасан нь онцлог арга хэмжээ боллоо.
Хүн бүрийн хүсэл цаатай зургаа авахуулж, морин чаргаар давхих байв
Хөвсгөл аймгийн 6 дахь хошуу мал болсон цааг энэ үеэр ард иргэдэд танилцуулж байв.
Мөсний баярыг зорин ирсэн хүн бүрийн хүсэл цаатай зургаа авахуулж, морин чаргаар давхих байв. Цаа унаж зургаа авахуулахад 3000-5000 төгрөг бол морин чаргаар давхихад 5000 төгрөг байв.
Хөвсгөл далайн мөсөн дээгүүр морин чаргаар салхи татуулан давхиж Хөвсгөл нуурын гайхамшигтай олон иргэн танилцаж байлаа.
Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр дугуйгаар тав хоног тойрон аялжээ
MB олон улсын унадаг дугуйн аяллын холбоо болон "Эм Би Тур" компанийн хамтарсан баг “2019 Khuvsgul Ice Bike Challenge 276 km” унадаг дугуйн мөсөн замын аялал тав дахь жилдээ зохион байгууллаа. Энэ жилийн аялал 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс 03 дугаар сарын 2-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж, дугуйчид Хөвсгөл нуурыг мөсөн дээгүүр дугуйгаар тав хоног тойрон аялж, "Хөх сувд-2019" мөсний баярын эхний өдөр барианд орлоо.
Дугуйчид Хатгал - Хүслийн Хад - Хадан хүй - Модон хүй - Ханх - Модон хүй - Тойлогт - Хүй толгой - Хатгал гэсэн маршрутаар 276 км аялжээ.
Хамгийн сайхан үндэсний хувцастай иргэдийг шалгаруулав
Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газар, Лидер кашмер компанитай хамтран "Хөх сувд-2019" мөсний баяраар Хамгийн сайхан үндэсний хувцастай иргэдийг шалгаруулан шагнаж урамшуулан өдөр бүр өв соёл, үүх түүх болсон үндэсний дээлээрээ гоёхыг уриалж байлаа. Тус уралдаанд 50 гаруй иргэн оролцсон байна. Энэ жилийн баяраар ирсэн хүн бүрийн 90 орчим хувь нь үндэсний дээл, хувцсаар гоёсон байна гэдгийг зохион байгуулагчид онцолж байв.
“Аав ээж би” хөтөлбөрт арга хэмжээг зохион байгуулав
Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас мөсний баяраар эцэг, эхчүүд хүүхдүүддээ анхаарал сайн тавьж, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж, хүүхдүүддээ бахархан дууриах аав, ээж нь байцгаая гэдгийг уриалж байв.
Мөн хүүхэд бүхэн гэр бүлдээ жаргалтай байг гэсэн зорилтын хүрээнд "Аав ээж би" хөтөлбөрт арга хэмжээ зохион байгууллаа.
Мөн баярт ирсэн иргэдийн дунд зохион байгуулсан мөсөн дээрх гар бөмбөгийн тэмцээнд олон иргэн оролцсон юм.
Төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа танилцуулан иргэддээ хүрч үйлчлэв
Мөсний баярын арга хэмжээний үеэр тус аймгийн 23 төрийн байгууллагын 300 орчим албан хаагч өөрсдийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд танилцуулан сурталчилж байлаа. Тухайлбал Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсийн хамт олон аймгийнхаа нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүд болон, Хөвсгөл нуурын зарим тоон үзүүлэлтүүдээр танилцуулга бэлтгэн мэдээлэл хийж, халуун шүүсээр иргэдийг дайлсан бол Хүнс хөдөө аж ахуйн газрын хамт олон Эрчим үүлдрийн ямаа, Цагаан-Уулын хонь зэргийн онцлогийг танилцуулж байлаа.
Мөн төрийн байгууллагууд нутгийн онцлог болох урцанд байрлан үйл ажиллагаагаа танилцуулсан нь өвөрмөц байлаа.
Тус аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас нийт иргэнд гялгар уутнаас татгалзаж даавуун тор хэрэглэхийг уриалж байв.
Мөн Мөрөн сумын Нандин өрхийн үйлдвэртэй хамтран даавуун торны худалдаа явууллаа.
Худалдаа, үйлчилгээ өмнөх жилүүдээс их байлаа
"Хөх сувд-2019" мөсний баярын үеэр 52 хоолны цэг, гар урлалын 40, худалдаа үйлчилгээний 40 гаруй цэг үйл ажиллагаа явуулж иргэдэд бүх төрлийн хоол, цай, шорлог, бэлэг дурсгалын зүйлсээр үйлчиллээ. Энэ үеэр иргэд цааны эврээр хийсэн зүйл, бэлэг дурсгалын сувинер зэргийг илүү их сонирхон худалдан авч байлаа.
Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас стандартын дагуу бэлтгэл ажлыг хангасан байна гэсэн зөвлөмжийг зохих газруудад хүргэсэн бөгөөд хэрхэн биелүүлж эрүүл аюулгүй байдлын стандарт шаардлагыг хангасан худалдаа үйлчилгээг явуулж буйд хяналт тавьж байв.
Хамгийн гол нь зориулалтын хоолны асар, майхан, гэрт халуун хоолны үйлчилгээг гал тогоонд шууд боловсруулах байдлаар үйлчилгээ үзүүл, хүнсний хувьд хөлдөлтөөс сэргийлсэн, хугацаа хэтрээгүй байх, нар, салхи, шуурганаас хамгаалагдсан битүүмжлэгдсэн байх зэрэг бүхий л шаардлагыг тавин ажилласны үр дүнд ямар нэгэн зөрчил дутагдал илрээгүй бөгөөд өмнөх жилүүдээс хоол унд элбэг байна гэдгийг иргэд хэлж байв.
Хог хаягдлын явуулын цэг ажиллуулж, зөөврийн бие засах газраар үйлчлэв
Мөсний баярын арга хэмжээ жилээс жилд өргөжин тэлсээр сүүлийн жилүүдэд өдөрт 15-20 мянган иргэн ирдэг болжээ. Энэ олон хүн цугласан үед орчныг бохирдуулахгүйн тулд Хатгал тосгоны Эко клубын хүүхдүүд уламжлал ёсоор хог хаягдлын явуулын цэг ажиллуулан дор бүр нь цэвэрлэж байв.
Мөн ойн нөхөрлөлийн гишүүдийн хаягдал модоор хийсэн хогийн савыг байршуулсан учраас баярын маргааш Хөвсгөл нуурын мөс ямар нэгэн хоггүй цэвэр байсан нь хөвсгөлчүүд соёлтой сайхан наадаж сурсан, иргэдийн ухамсар эх нутгаа хайрлах сэтгэлтэй байна гэдгийг харуулж байна.
Хөвсгөл нуурын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн зүгээс зөөврийн эко бие засах газрыг байршуулсан нь Хөвсгөл нуур орчим бохирдохоос бүрэн сэргийлж чаджээ.
Гэмт хэрэг, зөрчилгүй наадлаа
Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн тасгийн 12 автомашинтай 70 орчим алба хаагч Мөсний баярын үеэр иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж иргэдэд 6 төрлийн 2500 гаруй санамж, сэрэмжлүүлэг тараан ажилласан байна.
”Иргэдийн автомашинаар зорчих урсгал эрс нэмэгдсэнтэй холбогдуулан Хөвсгөл аймгийн Тариалан, Их-уул, Тосонцэнгэл, Хатгал, Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт эргүүл, хяналтыг зохион байгуулж ажилласны үр дүнд мөсний баярын үеэр ямар нэгэн гэмт хэрэг, зөрчил бүртгэгдээгүй тайван байлаа” гэдгийг Хөвсгөл Хөвсгөл аймгийн ЦГ-ын ЗЦТ-ийн дарга, хошууч А.Эрдэнэзул мэдээллээ.
Ийнхүү “Хөх сувд-2019” мөсний баярын үеэр цаг агаар тогтуун + 3 градус хүртэл дулаан байсан тул ирсэн зочид ая тухтай, эрүүл агаарт тоглож наадан, дуулж бүжиглэн Далай ээждээ эрхлэн хоёр өдрийн турш тухлан саатлаа.
Хөвсгөл далайгаар заавал аялаарай
Хойтон ч гэсэн хожим нь ирээрэй
Хангай нутгийн зон олон
Хүндэтгэлтэйгээр угтах болно
Сэтгүүлч Б.Гантуяа
Далай ээждээ эрхэлсэн өдрүүд |
|
Сэтгэгдэл бичих