Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг мөсний баяр 20 дахь жилдээ “Хөх сувд-2019” нэрийн дор нээлтээ хийлээ. Энэ жил Мөсний баярын талбайг Хатгал тосгоноос 1 км 500 метрийн зайтай мөс хамгийн зузаан хөлдсөн “Хүй толгой”-д зохион байгуулж байна. Иргэдийн аюулгүй байдлыг хангах, Хөвсгөл нуур бохирдохоос сэргийлэх зорилгоор автомашин техникийг хуурай газарт тавиулж мөсөн дээр зөвхөн явган хүн, морин чарга гаргаж зохион байгуулалт сайн байгааг иргэд хэлж байлаа.
Анх Хөвсгөл нуураа хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөлийн Тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан Ж.Төмөрсүхийн санаачлагаар Хөвсгөл нуурын “Сантын өвөр” гэдэг газар 2000 онд анх Мөсний баяр хийж арваад чаргатай морины уралдаан болж нутгийн иргэд оролцож байсан гэдэг. Харин дараа жилээс нь буюу 2001 оноос Мөсний баярын хүрээ тэлсээр өнөөдрийг хүртэл тэмдэглэгдэж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх эвент арга хэмжээ болж өргөжөөд байгаа ажээ. “Хөх сувд-2019” мөсний баярын үеэр гадаад дотоодын жуулчдад зориулсан уралдаан тэмцээн болох олон шинэлэг арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Тухайлбал мөсөн шагайн тэмцээн, унадаг дугуй, тэшүүрийн тэмцээн, мото спортын үзүүлэх тоглолт, нохой чарганы уралдаан, мөсөн дээрх олс таталт, буухиа тэмцээн, аав, ээж би тэмцээн, тахтай хатирч морьдын уралдаан, аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолт, бөөгийн тахилга, зан үйл зэрэг болж байна. Харин гадаадын иргэд жуулчдад зориулсан “Competition for tourists” хөгжөөнт тэмцээн, монгол дууг хэн сайн дуулах вэ тэмцээн, хоолны шоу, мөсөн дээр дамар түлхэх тэмцээн, үндэсний хувцасны загварын үзүүлбэр зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдаж байна.
Б.Гантуяа
Хөх сувд-2019 мөсний баяр эхэллээ |
|
Сэтгэгдэл бичих