Усны нөөцөөр Азид хоёрдугаарт, дэлхийд 14-т ордог, усны тунгалагшил, цэнгэг байдлаараа дэлхийд гуравдугаарт бичигдсэн үзэсгэлэнт сайхан Хөвсгөл нуурыг зорих дотоод гадаадын жуулчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Цэнгэг ус, үзэсгэлэнт байгаль, онгон дагшин уул нуруудаараа гайхагдсан Хөвсгөл нуур Улаанбаатар хотоос 870 орчим км-т, Мөрөн хотоос 102 км-ийн зайд оршдог. Аялагч иргэд, жуулчид Хөвсгөл нуурыг зорин үзэсгэлэнт сайхан байгаль дундуур зорчих замдаа Хөвсгөл аймгийн нутаг дахь түүхийн дурсгалт үзмэр газрууд, жуулчдад зориулсан аялал жуулчлалын цогцолборуудтай танилцаж болох юм. Тэднээс “Уушгийн өврийн буган хөшөө”, “Аялал жуулчлалын цогцолбор”-ыг танилцуулж байна. Монгол орны хойморт орших байгалийн унаган төрхөөрөө давалгаалах Хөвсгөл нуур бол Хөвсгөлчүүдийн бахархал болсон хөх нүдэн сувд юм. Хөвсгөл нуурыг газар хөдлөл, хагарлын хүчин зүйлийн нөлөөгөөр үүссэн, хойноосоо урагш сунаж тогтсон, өндөр уулын бүсэд багтах цэвэр тунгалаг уст нуур юм. Нуурыг судалсан эрдэмтэд 7-8 сая жилийн настай гэж үздэг бөгөөд нуурын мандал нь 2760 хавтгай дөрвөлжин км бөгөөд ус хураах 4940 км хавтгай дөрвөлжин талбайд 383,7 шоо км ус агуулдаг байна.
Сүүлийн жилүүдэд Хөвсгөл нуурыг үзэх гэсэн аялагчид нэмэгдсээр байна. Тухайлбал өнгөрсөн онд гадаадын 11500, дотоодын 61256 нийт 72756 жуулчин ирсэн байна. Энэ нь 2016 онтой харьцуулахад гадаадын жуулчдын тоо 500 орчмоор буурсан бол дотоодын жуулчдын тоо 25 мянга гаруйгаар нэмэгдсэн байна.Хөвсгөл нуурыг зорьж буй иргэд, жуулчид нуурыг үзэх замдаа Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Уушигийн өврийн Буган хөшөө бүхий цогцолбор дурсгалт газрыг үзэх боломжтой юм. Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотоос баруун зүгт 18 км зайд Бүрэнтогтох сумын нутаг Улаан Уушиг уулын өвөрт буган хөшөө болон хиргисүүрийн тахилгын байгууламжийн томоохон цогцолбор орших бөгөөд нэг дор 30 орчим буган хөшөө бий.
Эдгээр хөшөө нь хойноосоо урагш цуварсан байрлалтай ба тэдгээрийн эргэн тойронд битүү болон цагариган хэлбэрийн чулуун дарааст олон тахилгын байгууламжуудтай. Энэхүү дурсгал нь Евразийн буган чулуун хөшөөт цогцолбор дурсгалуудын хамгийн олон хөшөөтэй нь бөгөөд хиргисүүр, буган хөшөөний соёлыг тээгч эртний ард түмний судалгаанд онцгой байр суурийг эзэлдэг. Эндхийн буган хөшөөд Монгол-Өвөр Байгалийн хэлбэр буюу бугын загварчилсан дүрст хөшөөний төрөлд хамаарна. Хөшөөдийн хамгийн намхан нь 133 см, хамгийн өндөр нь 375 см хэмжээтэй ба хөшөөдийг цайвар саарал, улаан хүрэн, хөх саарал өнгийн боржингоор хийжээ. Хөшөөний сийлбэр харилцан адилгүй хадгалагдсан. Эдгээр хөшөөнүүдийн дотроос хүний нүүр дүрсэлсэн хөшөө хамгийн онцгой нь юм. Уг хөшөөний нэг нарийн талын дээд хэсэгт хүний нүүр, нүд, хөмсөг, хамар, ам, чих зэргийг уран нарийн сийлж, чихэнд нь ээмэг зүүснээр дүрсэлжээ. Хүний нүүрний доод талд хүзүүний зүүлт, түүний доор том жижиг 14 бугыг хөшөөг эргэн ороосон байдалтайгаар дүрслэхдээ тэдний завсар зайнд нь таван талт хэлбэртэй бамбай, толь зэргийг багтааж, харин бүсний доод талд 14 бугыг дээшээ тэнгэр өөд тэмүүлсэн байдалтайгаар сийлжээ. Бүс нь ханан хээ чимэглэлтэй бөгөөд түүнээс байлдааны зээтүү, чичлүүр хутга, дэгээ, билүү, саадаг зэргийг зүүснээр сийлсэн байдаг ажээ.
Энэхүү дурсгалт газруудыг Дэлхийн өвд бүртгүүлэхээр БСШУСЯ, ЮНЕСКО-ийн МҮК, Байгаль соёлын өвийг хамгаалах сан төрийн бус байгууллага, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн Хөвсгөл аймагтай хамтран Дэлхийн соёлын өвд бүртгүүлэх урьдчилсан судалгааны ажлыг хийж байна. Хөвсгөл аймаг Монгол орны аялал жуулчлалын тулгуур төв болохын тулд тус аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Эрхэлийн хөндийд байдаг уртраг, өргөрөгийн 50:100 огтлолцлын цэгт гадна дотны аялагч иргэдэд зориулсан "Аялал жуулчлалын цогцолбор" байгуулж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажил дуусч байна.
Аялал жуулчлалын цогцолборт нутгийн онцлогийг харуулсан хөшөө дурсгал, явган хүний зам, гэрэлтүүлэг, задгай театр, гүүр зэргийг байгуулжээ. Дэлхийд уртраг өргөрөгийн 4 огтлолцлын цэг байдаг бөгөөд Энэтхэгийн далай, Номхон далай гэсэн усан дотор хоёр нь, Канадын хурдны зам дээр нэг нь нөгөөх нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Эрхэлийн хөндийд байдаг. Энэ нь хүн очиж үзэх боломжтой цорын ганц огтлолцлын цэг учраас сүүлийн үед Хөвсгөл нуурыг зорин ирж байгаа гадна дотны зочид, жуулчид сонирхон ирдэг болжээ. Тус төв Мөрөн хотоос 30 км зайтай бөгөөд засмал замаар цааш 70 км яваад Хөвсгөл нуур орно. Ийнхүү аялагч, жуулчид “Хөвсгөл” нуурыг зорих замдаа “Уушгийн өврийн буган хөшөө”, “Аялал жуулчлалын цогцолбор” зэргийг үзэх боломжтой ажээ.
Б.Гантуяа
ХӨВСГӨЛ НУУРЫГ ЗОРИХ ЗАМДАА ЕВРАЗИЙН ХАМГИЙН ОЛОН БУГАН ЧУЛУУН ХӨШӨӨТ ЦОГЦОЛБОРЫГ СОНИРХООРОЙ |
|
Сэтгэгдэл бичих