"ДАЯН ДЭЭРХИЙН ЦОМ"-Д БҮРЭНТОГТОХ СУМЫН ХАРВААЧИД ДАХИН ТЭРГҮҮЛЛЭЭ
2018-07-17 15:47:01, 806
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уялган голын хөвөөнд “Даян дээрхийн цом” үндэсний шагайн харвааны тойром наадмыг Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих тогтвортой аялал жуулчлал хөгжүүлэх Мон 9183 төслийн санаачлагаар хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж Бүрэнтогтох сумын харваачид дахин тэргүүлж шилжин явах цомын эзэд боллоо. Наадам нь өнгөрсөн жилээс уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа бөгөөд Цагаан-Үүр сум болон Уялган голын иргэдийн аж, амьдралыг дээшлүүлэх, гадна дотны жуулчид сонирхдог эвент арга хэмжээ болгох зорилготой юм. Энэ удаагийн тэмцээнд Булган, Хөвсгөл, Орхон, Улаанбаатар хотын 12 багийн 90 гаруй харваачид оролцож цэц мэргэнээ сорьсноос Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Б.Сүхбаяр ахлагчтай Ихэр хайрхан баг түрүүлж 900 мянган төгрөг шилжин явах цом, Улаанбаатар хотын харъяат Монгол Улсын мэргэн Ч.Ирээдүй ахлагчтай Жаргалант баг дэд байр, Орхон аймгийн харъяат Монгол Улсын үлэмж дархан мэргэн н.Түвшинжаргал ахлагчтай баг гуравдугаар байр эзэллээ. Харин хувийн цуваа харваанд МУ-ын мэргэн Б.Мөнхнасан тэргүүллээ. Шагайн тойром наадам бусад аймгуудад уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн бөгөөд харин Хөвсгөл аймагт өнгөрсөн жилээс эхлэн зохион байгуулагдаж цаашид аялал жуулчлалын эвент арга хэмжээ болохыг зорьж байгаа ажээ. Шагайн харвааны наадмын үеэр Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төслөөс бага хүүтэй зээл авч, сүү цагаан идээ,  гар урлалын бүтээгдэхүүн хийж, амьдрал ахуйгаа дээшлүүлж байгаа нутгийн иргэдийн үзэсгэлэн худалдааг гаргасан байлаа.
Б.Гантуяа


"ДАЯН ДЭЭРХИЙН ЦОМ"-Д БҮРЭНТОГТОХ СУМЫН ХАРВААЧИД ДАХИН ТЭРГҮҮЛЛЭЭ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0