"ХӨХ БААВГАЙН ДОМОГ" ЯЗГУУР УРЛАГИЙН НААДАМ БОЛНО
2018-06-14 14:19:29, 1150
Хөвсгөл аймгийн олон ястны онцлог бүхий соёлын биет бус өвүүдийг сэргээх, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэх зорилготой аймгийн ардын язгуур урлагийн наадмыг Хатгал тосгонд зохион байгуулна.
Тус наадамд 23 сум 1 тосгоны нийт малчид, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүд өөрийн орон нутаг, ястан угсаатны онцлог хэв шинжийг агуулсан соёлын биет бус өвийн төрөл зүйлүүдээр оролцох ажээ. Хөвсгөл дархад, урианхай, цаатан, халх, хотгойд, буриад гэсэн олон ястны өлгий нутаг бөгөөд биет бус өв бүртгүүлсэн өвлөн уламжлагчаараа улсдаа тэргүүлдэг байна. Гэвч өвлөгдөөгүй байгаа олон биет бус өвийг түгээн дэлгэрүүлэхийг зорьж байгаа урлагийн наадмын үеэр тухайн ястны хэл яриа, дуу дуудлага ая дангийн онцлогийг уран яруу илэрхийлэх байдлыг дууны төрөл дээр онцлон гаргах, тухайн ястны ардын онцлог шинжийг харуулсан хөөмий, ерөөл магтаалыг тайзнаа хэрхэн найруулж тоглон үзүүлэх зэргийг онцгойлон шалгаруулах ажээ.
Хөвсгөл нуурыг газрын зураг дээрээс харахад "Хөх баавгай" шиг харагддаг учраас тус наадмыг ийнхүү нэрлэсэн гэдгийг Хөвсгөл аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын Соёл урлагийн хэлтсийн дарга
Л.Батцэцэг хэллээ.


"ХӨХ БААВГАЙН ДОМОГ" ЯЗГУУР УРЛАГИЙН НААДАМ БОЛНО

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0