МУСГЗ Д.Сүрэнжавын нэрэмжит Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангаас ханиад томууны үед гэрээс гаралгүй, дуртай номоо гэр бүлээрээ захиалан унших боломжийг олгон “Номын богц” үйлчилгээг хүргэж эхэллээ. Тус үйлчилгээ нь хүүхдүүдийн ном унших сонирхлыг нэмэгдүүлэх, чөлөөт цагаараа ном уншиж, эцэг эхчүүдтэйгээ номын талаар ярилцаж, сэтгэхүйг нь тэлж өгөх гэх зэрэг олон талын ач холбогдолтой гэнэ. Номын богцод номын сангийн танилцуулга бүхий боршур, шинэ номын танилцуулга, уншсан номоос төрсөн сэтгэгдэл үлдээх дэвтэр, уншигч гэр бүлийн фото зургаа хийж үлдээх цомог, ном уншихын ач тусын талаар зөвлөгөө мэдээлэл бүхий гарын авлага, санал сэтгэгдэл үлдээх дэвтэр, тухайн уншигч гэр бүлийн захиалсан номууд багтах аж. Электрон каталогид хандахдаа khovsgol.lib4u.net хаягаар орж номын нэр, зохиогч, агуулга, түлхүүр үг зэрэг олон сонголтоор хайж сонирхсон номоо олох боломжтой юм. Уншигчид интернэтийн сүлжээ ашиглан өөрийн хүссэн цагтаа байгаа газраасаа аймгийн номын сангийн сан хөмрөг дэх 60 гаруй мянган номын мэдээллийг авч, урьдчилан захиалга хийх боломжтой болж байгаа ажээ.
Тус үйлчилгээг авахын тулд Номын санд карт нээлгээд номуудаа үнэ төлбөргүй авах юм. Нэг гэр бүлд Номын богц 7 хоног аялах бөгөөд уншигчид номыг ариг гамтай унших хэрэгтэй гэдгийг Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангийн захирал Н.Оюунтуяа хэлж байлаа.
Б.Гантуяа
“Номын богц” үйлчилгээг эхлүүллээ |
|
Сэтгэгдэл бичих