Монголын Зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадмын хүүрнэл зохиолын богино хэмжээний төрөлд зохиолч, яруу найрагч П.Майнбаяр “Хагас нь эс хагас нь элс” номоороо хүртлээ. Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн зохиолч, яруу найрагч П.Майнбаярын “Хагас нь эс хагас нь элс” ном түүний 12 дахь ном бөгөөд анхны хүүрнэл зохиол юм. Энэхүү ном нь хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэг нь хоорондоо уялдаа холбоо бүхий цуврал өгүүллэгээс, хоёр дахь хэсэг нь бие даасан өгүүллэгүүдээс бүрджээ. "Алтан-Өд" наадмын хүүрнэл зохиолын богино хэмжээний төрлийн хоёр дахь шатанд Г.Болормаа “Цэцэг сүлжсэн инээд”, Б.Цоожчулуунцэцэг “Сэтгэл зурсан аялгуу”, П.Майнбаяр “Хагас нь эс хагас нь элс” гэсэн бүтээлүүд шалгаран үлдсэн байна. П.Майнбаяр нь Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, Зохиолчдын эвлэлийн шагналт, Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналтай зохиолч яруу найрагч юм. Мөн энэ оны 4 дүгээр сард Монголын зохиолчдын эвлэл, "Аз хур" ХХК, "Болор судар" хэвлэлийн газраас зохион байгуулсан “Монгол туужис” хүүрнэл зохиол, туужийн уралдаанд зохиолч П.Майнбаярын “Мөнхийн хөсөг” тууж тэргүүн байр эзэлсэн ажээ.
Б.Баянцагаан
П.Майнбаяр “Хагас нь эс хагас нь элс” номоороо "Алтан өд" хүртлээ |
|
Сэтгэгдэл бичих