Хөвсгөл аймгийн Жаргалант сумын харьяат, яруу найрагч Ц.Гончиг "Цэцгийн нэртэй сууринд" шинэ номын нээлтээ хийв. Тэрбээр "Дээврээс дуслах хавар" анхны шүлгийн түүврээ 2013 онд хэвлүүлж байсан бол 6 жилийн дараа хоёр дахь бүтээлээ уншигч түмэндээ хүргэж байна. Яруу найрагч Ц.Гончиг “Миний шүлгүүд уянгалаг бус уншихад энгийн ойлгомжтой гэж боддог. Нэгэн найрагч “Хамгийн сайхан баарыг энгийн шавраар хийдэг, хамгийн сайхан шүлэг хамгийн энгийн үгээр бичигдсэн байдаг” хэмээн хэлсэн байдаг. Миний хувьд амьдарч буй орчин ахуйгаасаа, харилцаж байгаа хүмүүсээс авч байгаа тэр мэдрэмжээ яруу найргаар дамжуулан илэрхийлэхийг зорьдог” гэдгийг хэлээд хүүдээ зориулсан шүлэг, уран бүтээлийн дээжээсээ хүргэв.Түүний номыг аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар ивээн тэтгэж хэвлүүлсэн байна.
Яавал аав нь чам шиг
Жирийн цас будрахад
Гүн ухаантан мэт гайхашрах вэ?
Яавал аав нь чам шиг
Жижигхэн алганыхаа ард
Бүгдээс нуугдаж чадах вэ?
Яавал аав нь чам шиг
Тогтоол усыг гутлаараа туучаад
Бороо... бороо гэж хөөрцөглөх вэ?
Яавал аав нь чам шиг.
Толь мэт нуурын мандлыг заагаад
Тэнгэр... тэнгэр гэж нэрлэх вэ?
Яавал аав нь чам шиг
Чиний мэддэг үгээр
Яруу найраг мэт ярьж сурах вэ?
Б.Туяа
Ц.Гончигийн "Цэцгийн нэртэй сууринд” номын нээлт боллоо |
|
Сэтгэгдэл бичих