Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн Далантайн Сүрэнжавын нэрэмжит Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангийн түүхт 75 жилийн ой боллоо. Ойн баярын нээлтэд Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Б.Баттогтох, МУСГЗ зохиолч, яруу найрагч Д.Сүрэнжав, Нийтийн номын сангийн захирал Н.Оюунтуяа, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Гончиг нар болон номын сангийн үе үеийн ахмадууд, зохиолчид, сургуулиудын номын санчид оролцлоо. Энэ үеэр төрөлжсөн сургалттай “Авьяас” сургуулийн сурагчид ая дуугаа өргөж, МУСГЗ зохиолч, яруу найрагч Д.Сүрэнжав өөрийн гаргасан номын дээжсээс сумын болон сургуулиудын номын санчдад бэлэг болгон өглөө. Номын сан нь 1944 онд анх нэг орон тоотойгоор аймгийн клубийн дэргэд байгуулагдаж байсан бол эдүгээ 16 орон тоотой, 140 гаруй уншигч хүлээн авах 3 уншлагын танхимтай, монгол, англи, орос болон бусад хэлний 60 гаруй мянган номын фондтой Номын сан-мэдээллийн төв болон өргөжиж үйл ажиллагаагаа явуулж байна. ”Тус хамт олон уншлага үйлчилгээний чанарыг сайжруулах ажлын хүрээнд олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээс 65000 номоо электрон каталогид бүрэн оруулж интернэтийн үүлэн технологид холбогдсон нь орчин үеийн уншигчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн томоохон алхам болжээ. Уншигч үйлчлүүлэгчид интернэтийн сүлжээ ашиглан өөрийн хүссэн цагтаа байгаа газраасаа аймгийн номын сангийн сан хөмрөг дэх 60 гаруй мянган номын мэдээллийг авч, урьдчилан захиалга хийх боломжтой болсон. Нийтийн номын сангийн хамт олон түүхт 75 жилийн ойгоо ажлын их амжилтаар угтаж байна” гэдгийг захирал Н.Оюунтуяа хэлж байлаа.
Б.Ганаа
Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангийн түүхт 75 жилийн ой боллоо |
|
Сэтгэгдэл бичих