Хөвсгөл аймагт Монгол үндэстний тусгаар тогтнолын баталгаа болсон эх хэл, үндэсний бичиг үсэг, өв соёлоо дээдлэх, бахархах үзэл хандлагыг төлөвшүүлэх, бүх нийтийн монгол хэл бичгийн боловсрол, хэрэглээний чадварыг дээшлүүлэх зорилготой Эх хэлний баярын нээлт Монгол Улсын гавъяат багш Д.Батсуурийн нэрэмжит Титэм сургууль дээр боллоо.
Нээлтэд "Хүмүүн бичиг" сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Элбэгзаяа оролцож “Хөвсгөл аймаг эх хэлээ дээдлэн эрхэмлэгч аймаг юм. Эх хэлний олон эрдэмтэн мэргэд төрсөн нутаг. Тухайлбал Хөдөлмөрийн баатар, гавьяат багш, Хүмүүнлэгийн ухааны доктор, профессор Т.Дашцэдэнгийн мэндэлсэн нутаг. Т.Дашцэдэн багш “Монгол бичиг минь гэж бодохоор үхмээргүй байна” гэж хэлж байсан юм. Хөвсгөлчүүд эх хэлэндээ ийм л хайртай хүмүүс. Иймээс цаашид эх хэлээ дээдлэн хайрлан хамгаалж бүх нийтээрээ монгол бичгээ сурцгаая” гэдгийг уриалж байлаа.Мөн нээлтэд тус аймгийн монгол хэл бичгийн багш нар Титэм сургуулийн сурагчид, аймаг орон нутгийн удирдлагууд оролцож Монгол Улсын гавъяат багш Д.Батсуурийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлж, эх хэл бичгээрээ бусдыгаа манлайлж буй шилдэг багш нарыг шагнаж урамшуулан, Титэм сургуулийн авьяаслаг сурагчид урлагийн тоглолт үзүүллээ.
Б.Гантуяа
Эх хэлний баярын нээлт Титэм сургууль дээр боллоо |
|
Сэтгэгдэл бичих