Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас аялал жуулчлалын салбарын бодлого, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, санал гомдлыг хүлээн авах, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх, тус салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагааг танилцуулах арга хэмжээг аймгийн хэмжээнд зохион байгууллаа. Нээлттэй хаалганы өдөрлөг Хөвсгөл аймгийн бүх сум, баг бүрт хүрсэн байна. Тухайлбал Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаанаас Хөвсгөлийн тайга, Тэнгис-Шишгэдийн байгалийн цогцолборт газарт нутагладаг Зүүн тайга, Баруун тайгын цаачин иргэдэд газар нутгийг тусгай хамгаалалттай газарт авах ач холбогдол, хэрэгцээ шаардлага, биологийн төрөл зүйлүүд хэрхэн устаж алга болсон тухай, тусгай хамгаалалтанд орсноор ховор ан амьтан хэрхэн өсч үржиж байгаа судалгааг танилцуулжээ. Хорьдол, Сарьдагийн нурууг 1997 онд, Улаан тайгыг 2011 онд тусгай хамгаалалтанд авчээ. хамгаалалтанд авах үед аргал хонь устаж 30 орчим байсан бол өнөөдөр 100 гаруй болж өссөн, устаж байсан Хандгай буга 210 толгой болсон, Халиун буга 300 орчим болж өссөн, Янгир ямаа 1990-ээд оны үед 100 орчим болж хорогдож байсан бол хамгаалалтад авснаар 350 орчим болж өссөн гэсэн мэдээллийг Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүх мэдээлж байлаа.Мөн аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас Мөрөн сумын иргэдэд Хотгойдын баатар Чингүнжавын талбайд байгаль орчны харъяа байгууллагуудын үйл ажиллагааг нээлттэй сурталчилж иргэдийн дунд байгаль орчны сэдэвтэй асуулт хариултын тэмцээнийг зохион байгууллаа.
БАЙГАЛЬ ОРЧНЫ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД ХҮРЛЭЭ |
|
Сэтгэгдэл бичих