Ой хээрийн түймрээс сэргийлье !
2019-03-11 21:18:09, 1168
 
 
 
 
Урин дулааны улирал эхэлж буй энэ үед ард иргэдийг болзошгүй гал, түймэр ой хээрийн түймрээс сэргийлэхийг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Болормаа анхааруулж байна.
 
- Хаврын улиралд ой хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байдаг. Ой хээрийн түймрээс сэргийлэхийн тулд танай байгууллага ямар арга хэмжээ авч ажиллаж байна ?
- Хөвсгөлийн өнгө сайтын нийт уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангаж ажиллах чиглэлээр улсын байцаагчийн 23-04-020/09 дугаартай 9 заалт бүхийн зөвлөмжийг сумдын Засаг дарга нарт хүргүүлж зөвлөмжийн биелэлтийг энэ сарын 15-ны өдөр тооцож ажиллахаар үүрэг чиглэлийг өгч ажиллаж байна. Мөн улсын байцаагч нарт сумдад ажиллахдаа сум, багийн болон ойн мэргэжлийн байгууллага, ойн нөхөрлөлүүдийн гишүүдэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ, мэдээллийг өгч байна. Ой, хээрийн түймэртэй тэмцэх 1, 2 дугаар ээлжийн бэлэн байдал, техник, хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж, бэлэн байдлыг хангаж ажиллах талаар зөвлөмж, чиглэлийг өгч Мэргэжлийн хяналтын газрын фэйсбүүк групп болон фэйсбүүк пэйж хуудсаар дамжуулан анхааруулга, сэрэмжлүүлэг тогтмол өгч ажиллаж байна. Улсын хэмжээнд нийт газар нутаг хуурайшилтай байгаа ба улсын онцгой комиссын 2019 оны 01 дугаартай ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, зарим арга хэмжээний талаар албан даалгавар гарсан. Албан даалгаварт ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, гал түймэр унтраах ажиллагаанд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангах, бүх шатны төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээдийн хамтын ажиллагааг сайжруулах, ажлын явц, чанар, үр дүнг дээшлүүлэх зорилгоор уг албан даалгавар гарсан. Албан даалгаврын биелэлтийг та биднээс эхлээд төрийн бүх шатны байгууллагууд хэрэгжүүлэн ажиллах юм. 
 
- Өнгөрсөн онд аймгийн хэмжээнд хэдэн удаагийн ой хээрийн түймэр гарч, хэр хэмжээний хохирол учирсан талаар тодруулбал ? 
Өнгөрсөн 2018 онд манай аймгийн хэмжээнд 11 удаагийн ойн түймэр гарч 1.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Энэ өвөл хур тунадас бага орсонтой холбоотойгоор аймгийн нийт нутаг дэвсгэрийн 80-85 хувь нь хуурайшилтай байна. Орсон хур тундас 3 дугаар сарын эхний болон дундах арав хоногт хайлж дуусах төлөвтэй байна гэсэн мэдээг Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс өгч байгаа. Иймээс ой хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгаа учраас хүн бүр анхаарал, болгоомжтой, сэрэмжтэй байх нь чухал байна. 
 
- Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд юуг анхаарах вэ ?
 -Хаврын улирал урин дулааны цагт иргэд ойд зорчих нь нэмэгддэг. Тухайлбал ууланд халиун бугын ясан эвэр түүх, хусны шүүс, чага мөөг гээд ойн дагалт нөөц баялгийг түүж бэлтгэх, ойд мод бэлтгэлийн үйл ажиллагаа явуулах зэрэг ойн арга хэмжээний ажлууд эхэлдэг. Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд дараах зүйлийг анхаарч ажиллах шаардлагатайг анхааруулж байна.
  Үүнд: 
1. Түлсэн гал асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах,
2. Түймэрт нэрвэгдэж болзошгүй нутаг дэвсгэрийг түймрээс хамгаалах зурвастай болгох 
3. Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
4. Машин,техникийн утааны янданг оч баригчтай болгох, 
5. Гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах
6. Түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх,
7. Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх 
8. Иргэн, айл өрх бүр гал түймэр унтраах багаж хэрэгсэлтэй байх 
9. Зарлан мэдээллийн дуут дохиотой байх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд ой хээрийн түймэр гарсан тохиолдолд Онцгой байдлын алба болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагад яаралтай мэдээлэх, түймэр унтраах ажиллагаанд иргэний үүргийн дагуу оролцох үүрэгтэй юм. Нийт иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллага, малчид та бүхнийг ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг  онцгойлон анхааруулж байна.
Б.Гантуяа 
 


Ой хээрийн түймрээс сэргийлье !

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-03-18 15:26:57
    :
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-03-18 15:26:29
    <script>alert('ada')</script>: <script>alert('ada')</script>