Хөвсгөл аймагт “Аутизм ба гоц ухаан” төрийн бус байгууллагын санаачилга аймгийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Монголын Аутизмын холбоо, Autism Association of Mongolia болон Hedef Autism Mongolia сургалтын төвтэй хамтран Аутизмтай хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч багш нарт зориулсан анхан шатны сургалтыг зохион байгуулав.
Энэ үеэр хүүхдийн эрхийн талаар хууль дүрмийг барьж ажиллан тэднийг хамгаалах, нийгэмд эерэг хандлагыг түгээх, хүүхдүүдийн сурах хөгжих нийгэмших таатай орчныг бүрдүүлэх, холбогдох байгууллагуудтай хамтран тэгш хамруулан сургах үйл ажиллагааг дэмжихээр болов. Мөн хүүхдүүдийн өөрийн сонирхлыг зөв чиглүүлэн зорилготойгоор спортод суурилсан чадварыг түлхүү хөгжүүлэх, эцэг эх асран хамгаалагчид холбогдох байгууллагуудтай хамтран хүүхдүүдийн эрүүл мэндийг хянах, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж эцэг эх асран хамгаалагч нарыг хүүхдээ харангаа ажил эрхлэлт, өөртөө ажлын байр бий болгож ажиллахыг дэмжих хэрэгтэйг онцолж байв.
Цаашид аутизмтай хүүхэдтэй ажилладаг эцэг эх, асран хамгаалагч, багш нар хамтран хүүхдүүдийн сурах хөгжих нийгэмших чадварыг нэмэгдүүлж, тэднийг бие даан нийгмийн амьдралд оролцох оролцоог сайжруулахад хамтран ажиллахаар боллоо.
Тус аймагт Аутизмын холбоо өнгөрсөн онд байгуулагдсан бөгөөд 20 гаруй хүүхдүүд байдаг ажээ.
Аутизм гэдэг нь "өөрөө" гэх үгнээс үүсэлтэй бөгөөд тэд өөрийн ертөнцөд өөрийхөөрөө оршдог гэсэн утгатай. Хүүхэд бүрт өөр шинж тэмдэг илэрдэг. Анхны шинж тэмдэг нь 6-8 сартайд ажиглагддаг ч нэг настайгаас нь тодорхой илэрч, 2-3 насанд нь бүрэн оношлогддог. Хэдий эрт оношлогдож, засал эмчилгээнд явах тусам хүүхэд төдий чинээ хурдан сайжирдаг ажээ.
Сургалтад 20 гаруй хүүхдийн эцэг эхчүүд, тухайн хүүхдүүдтэй ажилладаг сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн багш нар бусад төрийн бус байгууллагуудын төлөөлөл нийт 60 хүн оролцлоо.
Б.Ганаа
Аутизмтай хүүхдүүдийн сурах, хөгжих, нийгэмших чадварыг нэмэгдүүлнэ |
Сэтгэгдэл бичих