Л.Оюун-Эрдэнэ: “Найрамдал-2” зусланг Хөвсгөлд аймагт барина
2021-06-02 00:12:05, 1249
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Засгийн газраас томоохон шийдвэрүүд гаргасан юм. Тодруулбал, Хүүхдийн паркийн газарт зориулалтын бусаар бүтээн байгуулалт хийхийг хориглож, “Найрамдал” зуслан, Хүрээ амаржих газар, ЭХЭМҮТ-д бүрэн засвар хийхээр болсон. Энэ шийдвэртэй холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар 43 жилийн түүхтэй Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв зэрэг газруудад ажиллалаа.Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-Эрдэнэ “Улс орны ирээдүй бол хүүхэд. Үр хүүхдүүд маань ирээдүйн сайн иргэн болж төлөвших ёстой. Засгийн газрын хуралдаанаар багц арга хэмжээ авахаар болсон. “Бамбарууш” кафег сэргээхээр болж байна.
 
Мөн “Найрамдал” зусландаа иж бүрэн засвар хийхээр болсон. Зуслангийн ойролцоо газар олгохгүй. “Найрамдал-2” зусланг Хөвсгөлд аймагт барина. Энэ мэт олон шийдвэр гаргах ёстой. Жуковын талбайн ард газар олгосон байсан захирамжийг Хотын дарга хүчингүй болгосон. Засгийн газраас хүүхдийн төлөө үйлсэд хувь нэмэр оруулж байгаа аж ахуйн нэгж, иргэнийг дэмжиж ажиллана. Сонгинохайрхан дүүрэгт Хүүхэд, залуучуудын театр дахин сүндэрлэхээр болсон. Цаашид хүүхдэд ээлтэй, хүүхдийн төлөө олон ажил хийх болно” хэмээсэн юм.
Б.Ганаа


Л.Оюун-Эрдэнэ: “Найрамдал-2” зусланг Хөвсгөлд аймагт барина