О.Өгөөмөр: Дүү нар маань номтой ойр байгаасай гэж “Гудамжны номын сан"-г байгуулсан
2020-04-29 10:23:39, 862
Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотод “Гудамжны номын сан" байгуулсан Эрдмийн далай цогцолбор сургуулийн 12б ангийн сурагч О.Өгөөмөртэй ярилцлаа. Тэрбээр хэрэглэхгүй болсон хуучин хөргөгчүүдийг будаж засварлан номын сан байгуулжээ.
 
 
-“Ном бол ертөнцийг харах цонх юм” гэж хэлсэн байдаг. Мөрөн хотдоо өнгө нэмэн иргэддээ оюуны хөрөнгө оруулалт хийж “Гудамжны номын сан" байгуулсанд баяр хүргэе. Хэзээнээс номын сан байгуулахаар шийдсэн бэ?
 
-Баярлалаа. Тийм ээ ном гэдэг бол хүний нийгэмд бүтээгдсэн үнэхээр аугаа гайхамшигтай зүйлүүдийн нэг гэж би хувьдаа боддог. Гудамжны номын сантай болохыг  аль эртнээс бодож явсан. Одоо би 12-р ангид сурдаг. Намайг төгсөөд явсан хойно дүү нар маань номтой ойр байгаасай гэсэн үүднээс номын санг байгуулсан. Коронавирүсний улмаас хөл хорио тогтоох үед номын сан хаагдсан учраас номын нөхөр болгох хамгийн боломжит шийдэл бол "Гудамжны номын сан"-тай болох нь чухал санагдаж улам эрчтэй ажилдаа орсон.
 
   - Гудамжны номын сангаар дамжуулан иргэдэд юуг хүргэхийг зорьсон бэ? 
 
-Нэн тэргүүнд номын соёлд сургах цаашлаад хүмүүжил төлөвшилд ч нөлөөлөх байх гэсэн найдвар тээж байгаа. Хүний юм гэсэн сэтгэлээр бус бидний юм гэж орон нутгийнхаа зүйлсийг хайрлаасай гэсэн хүсэл бас бий. Мэдээж номын ач холбогдол, ном уншсаны давуу талыг хүн бүр мэддэг ч эхлэх аргаа л олохгүй байгаа байх гэж бодоод нүдэнд нь үргэлж дасал болгох буюу гудамжаар явахад нь ч сануулж, нээж харах сэдлийг төрүүлж байгаа гэж бодож байна.
 
 
- Гудамжны номын сангаа хэчнээн байршилд тавих бодолтой байгаа вэ?
 
-Одоогийн байдлаар 300 гаруй номтой гурван байршилд тавих боломжтой 3 сан бүрдүүлсэн. Үүнээс цааш нэмэх бодолтой байна. Хүмүүс их сайхан эерэгээр хүлээн авч дэмжиж байгаа.
 
 
- Яагаад хуучин хөргөгчийг сонгосон бэ?
 
- Хуучин хөргөгч сонгосон нь байгалийн нөхцөлд хамгийн тэсвэртэй санагдсан. Мөн олон улсын жишиг, бусад улсуудын гудамжны номын сангуудад харьцуулалт хийж үзсэн. Дотроо байгаа номоо гэмтээхгүй байх хамгийн аюулгүй нь хөргөгч байсан. 
 
 
- Үе тэнгийн найзууддаа хандаж юу гэж уриалмаар байна
 
- Бүх зүйлд өөриймсөг хандаж, сэтгэлээ гаргаарай. Номыг зүгээр нэг цаг үеийн гоёл гэж биш шимтэн дурлах ёстой зүйлээ гэж үзээсэй гэж уриалмаар байна.
Б.Ганаа
 
 


О.Өгөөмөр: Дүү нар маань номтой ойр байгаасай гэж “Гудамжны номын сан"-г байгуулсан

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0