Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЕБС-ийн 9б ангийн сурагч Ү.Энхжин монгол бичгийг бие даан гүнзгийрүүлэн судалж эхэлсэн бөгөөд үе тэнгийн найзууддаа зориулан 25 сорил багтсан 45 хуудастай “Оюуны шигтгээ” үндэсний бичгийн сорилын ном бүтээжээ. Тус ном нь тоо болон гадаад үгийг эвхэж бичсэнээрээ онцлог ажээ.
- Монгол бичиг хэзээнээс суралцаж эхэлсэн бэ?
- Би анх 6-р ангиасаа эхлэн монгол бичгийг сонирхон судалж эхэлсэн. Үндэсний бичгээ шимтэн сурах их далайн аяллын хөлөг онгоцны тасалбарыг ээж минь надад авч өгсөн.
- Яагаад ном бүтээх болов ?
- Бид бүгд л өөртөө ямар нэг байдлаар түүх бүтээж амьдардаг. Ийм учраас миний бүтээсэн бүхэн хэн нэгэнд хэрэгтэй байгаасай хэмээн анхны бүтээлээ чадан ядан хийлээ. Энэ номоо гаргахын тулд 2 жилийн өмнөөс санаачлан судалж, үе тэнгийнхэндээ үлгэр дууриалал болохын тулд бас мэддэг зүйлсээ найзуудтайгаа хуваалцъя хэмээн бодсон.
- Энэ номонд юуг багтааж хүмүүст хүргэхийг зорив?
- Үндэсний бичгээрээ үг бүрийг алдаагүй бичихэд нь туслах, тэдэнд танин мэдэхүйн мэдлэгийн санд бага ч болов хувь нэмэр оруулахыг зорьсон юм.
- "Оюуны шигтгээ" үндэсний бичгийн сорилын номын онцлог ?
- Ном маань бар ба таталган бичвэрийг унших, гадаад үгсийг дөрвөлжин эвхмэл бичгээр бичих мөн тоо эвхэн бичих гэх мэт дасгал, даалгавруудтайгаараа онцлог.
- Сурагч мөртлөө ном бүтээгээд, бүтээлээ гар дээрээ аваад унших үед юу бодогдож байв?
-“Яагаад хүүхэд ном бичиж болохгүй гэж” гэсэн бодол төрөөд ээждээ хэлсэн. Ээж маань дуртайяа дэмжсэн дээ. Үндэсний бичгээрээ бахархах мэдрэмж төрсөн. Мөн энэ сайхан эх хэл, бичиг соёлоо дээдэлдэг гэр бүлд өсөж торниж байгаадаа азтай хүүхэд гэж бодож байлаа.
- Монгол бичгийг өөрийн чинь бодлоор юу гэж тодорхойлмоор байна.
- Монгол хүн бүрийн сэтгэлгээний урлаг, бидний бахархал юм. Үндэсний бичгээ судалж, уран бичлэгээр бичих агшинд аз жаргалыг мэдэрдэг. Үгээр илэрхийлэх аргагүй сайхан мэдрэмж. Үндэсний бичгээр урлана гэдэг бол жинхэнэ оюуны бясалгал шүү.
- Монгол бичиг сурахад найзууддаа юуг анхаараасай гэж хүсдэг вэ?
- Анхаарах гэхээсээ илүү үндэсний бичгээ сайн эзэмшиж, хайрлан бахархаж, түгээн дэлгэрүүлж, хамтдаа дэлхий даяар сурталчлан таниулах юмсан гэж хүсдэг дээ. Тэр цаг мөд ирэх байх аа.
-Том болоод ямар мэргэжилтэй болох вэ?
- Монгол хэл, бичгийг би урлаг гэж ойлгодог. Тийм учраас үндэсний бичгээ урлаг талаас нь судалдаг мэргэжилтэн болно. Монгол судлаач ч юм уу. Одоохондоо хараахан шийдээгүй л байна. Бас загвар зохион бүтээгч болох мөрөөдөлтэй.
- Хорионы үед монгол бичгийн хичээлийг онлайнаар үзэх хэр байна?
- Теле хичээлүүдээ үзэх сонирхолтой байгаа. Хөл хорионы үеэр теле хичээл үзэхийн зэрэгцээ 5 настай бяцхан дүүдээ үндэсний бичгээ зааж сургах шинэ зам нээгдсэн. Би нэг том хамтрагчтай болсон доо.
- Үеийн найзууддаа юу гэж уриалмаар байна?
- Монгол бичиг бол монгол хүн бүрийн бахархал. Эрдмийн оргилд хүрэх гүүр мөнөөсөө мөн. Бид жинхэнэ монгол хүн байхын тулд эх хэлээ сайн судалцгаая. Цаашлаад дэлхийн чадварлаг монголчууд байцгаая найзууд аа!
Б.Гантуяа
Сурагч Ү.Энхжин “Оюуны шигтгээ” үндэсний бичгийн сорилын ном бүтээжээ |
Сэтгэгдэл бичих