Нэг цэгийн үйлчилгээний төвд 9 хүүхэд 2 том хүн хамгаалалтад байна
2020-02-06 23:29:47, 1686
Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогч, хүчирхийллийн болзошгүй эрсдэлд өртөх магадлалтай иргэнд харьяалал харгалзахгүй, 24 цагийн турш, үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэх "Нэг цэгийн үйлчилгээний төв"-ийг өнгөрсөн оны 2 сараас эхлэн ажиллуулж байна. Тус төвөөр өнгөрсөн онд 223 хүн үйлчлүүлсний 104  нь хүүхэд, 119 нь насанд хүрэгчид байна. Он гарсаар 40 иргэн өдрөөр үйлчлүүлж 23 хүн хоносон байна. Нэг цэгийн үйлчилгээний төв нь нэг удаа 8 иргэнд үйлчилгээ үзүүлэх боломжтой боловч ачаалалтай үед 17 иргэнд үйлчилгээ үзүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар тус төвд 9 хүүхэд 2 том хүн аюулгүй байдлын хамгаалалтад байна.  Хэдийгээр нэг иргэнд 72 цагийн үйлчилгээ үзүүлэх ёстой боловч гэр бүлдээ буцаж очих боломжгүй 2 сар тус төвд байрлаж байгаа иргэн байгаа гэнэ. Нэг цэгийн үйлчилгээний төвийн ачаалал нэмэгдэж байгаа учраас иргэдэд үйлчилгээ үзүүлэх байрны стандартыг хангах, үйлчилгээ авч буй иргэдэд хэрэглээний хоол хүнс зэрэг төсөв хөрөнгө нэмэгдүүлэх шаардлагатай байгаа аж. Тус төв нь аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран аюулгүй байдлын хамгаалалт, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, сэтгэл зүйн үйлчилгээ, нийгмийн халамжийн үйлчилгээ, хүүхэд хамгааллын үйлчилгээ, эрх зүйн туслалцаа, холбон зуучлах зэрэг үйлчилгээг 7 ажилтан 24 цагийн турш хохирогч бүртгэгдсэн тохиолдол бүрд үзүүлж байна. Иргэдийн санал хүсэлтийг 7038-2121 дугаарт 24 цагийн турш хүлээн авдаг ажээ.
 
 
 Б.Гантуяа 


Нэг цэгийн үйлчилгээний төвд 9 хүүхэд 2 том хүн хамгаалалтад байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-02-07 14:23:16
    zochin: manai aimagt iim gazar baidag yumu medeegvi yum bna .Sn bna