Хөвсгөл аймаг аялал жуулчлалын тулгуур төв болох зорилтын хүрээнд бүтээн байгуулалт өрнөсөөр байна. Үндэсний их баяр наадмын босгон дээр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Эрхэлийн хөндийд байдаг уртраг, өргөрөгийн 50:100 огтлолцлын цэгт гадна, дотны аялагч иргэдэд зориулсан "Аялал жуулчлалын цогцолбор" байгуулж ашиглалтад орууллаа. Тус цогцолборыг тэрбум гаруй төгрөгөөр, замын ажлыг "Хөвсгөл АЗЗА", цахилгааныг "Жеммн" ХХК, тохижилтын ажлыг "Модерн Хас" ХХК, "Урагшлах" ХХК гэсэн орон нутгийн 4 компани гүйцэтгэсэн байна. Аялал жуулчлалын цогцолборт нутгийн онцлогийг харуулсан хөшөө дурсгал, явган хүний зам, гэрэлтүүлэг, задгай театр, гүүр зэргийг байгуулжээ. Дэлхийд уртраг өргөрөгийн 4 огтлолцлын цэг байдаг бөгөөд Энэтхэгийн далай, Номхон далай гэсэн усан дотор хоёр нь, Канадын хурдны зам дээр нэг нь нөгөөх нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Эрхэлийн хөндийд байдаг. Энэ нь хүн очиж үзэх боломжтой цорын ганц огтлолцлын цэг учраас Хөвсгөл нуурыг зорин ирж байгаа гадна, дотны зочид, жуулчид сонирхон үзэж иж бүрэн тохижуулсан орчинд тухлан саатах боломжтой боллоо.
Б.Гантуяа
“50:100” аялал жуулчлалын цогцолбор ашиглалтад орлоо |
|
Сэтгэгдэл бичих