Хөвсгөл нуурыг гадны ямар ч байгууллага, судлаачид, хөрөнгө бэлтэй хүмүүс, улс төрчид хамгаалахгүй, нутгийн бид л хамгаална
2019-04-24 23:35:12, 2880
Хөвсгөл нуурын өнөөгийн төрх
 
Хөвсгөл нуур бол дэлхийн хамгийн цэнгэг усыг нь шууд авч уудаг, нуур эргээр нь орших бүх амьд биетийн амь болсон нуур юм.  Ийм нуур дэлхийд ховор. Тиймээс л  Улсын тусгай хамгаалалтад авч Хөвсгөл нуурын хамгаалалтын захиргаа байгуулагдсанаас хойш 33 жил өнгөрчээ. 
Тэр үед  Хөвсгөл нуурын баруун талд фосфоритын ордыг ашиглах уурхай байгуулах ажил эхэлсэн,  Хөвсгөл нуур дээгүүр шатахуун, ачаа бараа зөөдөг, урд хойд 2 талд нь Ханх , Хатгал хэмээх 2 суурин оршдог ийм л газар байв. 1986 онд Хөвсгөл нуурын хамгаалалтын захиргааны ахны дарга Я.Даш   Ц.Балдорж сэтгүүлчийг урилгаар авчирч “Далай ээж цаазын тавцанд” өгүүлэлийг бичүүлснээр тухайн үеийн төр засаг дээрх бүх бохирдлын эх үүсвэрүүдийг арилгаж чадсан юм. 
Гэтэл энэ цаг үед Хөвсгөл нуур бохирдож байгаа олон шинж тэмдгүүд илрэх боллоо.  Тиймээс миний бие энэ тухай холбогдох бүх газруудад бичиж, хамгаалах саналаа хүргүүлсээр байна.  
 
 
Хөвсгөл нуур бохирдоод байна гээд БОАЖЯ-аас олон удаа ажлын хэсэг ирж, судалгаа хийж, УМХН-аас олон ч шалгалт ирэв. Эдгээр шалгалтын үр дүн гарсангүй, нөлөөлөл улам нэмэгдсээр, нуурын дагуух хууль бус үйл ажиллагаа улам гаарсаар,  Хөвсгөл нуурын ирээдүй улам бүрхэг болсоор...
Энэхүү хүндрэлтэй асуудлыг Хөвсгөл нууранд живсан машинууд, онгоцыг татаж гаргана, Хөвсгөл нуурын замаг ихдээд байна, дахин сонгогдвол үүнийг анхаарна, Хөвсгөл нуурын хог хаягдлыг цэгцэлнэ, эмх замбараагүй газар олголтыг цэгцэлнэ, онцгой бүсэд аялал жуулчлал эрхлэгчдийн  газар ашиглах эрхийг цуцлана гэх мэтээр зарим нь  хоосон амалж, эрх мэдэл олж авах хэрэгсэл  болгож байна. 
 Зарим нэг нь Хөвсгөл нуурыг Дэлхийн өвд бүртгүүлнэ гэж жагсаал хийж, уриалга гаргаж, давалгаалж байх юм. 
Ингэж явах хоорондуур нь хэн нэгэн танилтай, нөлөөтэй нь  хууль журмуудыг алгасан эрх мэдэл сүр хүч, өнгө мөнгөөрөө далайлган далайн захын газруудыг улайран авцгааж, нутгийнхан нь бас хашиж аваад зарж, мөнгө болгон, зарим нэг хэнэггүй нь  зөвшөөрөл ч авалгүйгээр хашсаар нуурын эрэг эмх замбараагүй торолсон хашаа, элэгдсэн хөрс, халцарсан газар, хуурайшиж тоосондоо эргэсэн, энхэл донхол  зам,  хэдхэн машин явахаар цагаан тоос орчны амьд бүхнийг бүрхэн дардаг   сайжруулж хуссан нунтгарсан цагаан шороот зам, доройтож талхагдсан олны хөлийн газар болон хувирчээ. Энд  олон хүн шавж хог хаягдлаа хаяж, өтгөн шингэн, бохироо хөрсөнд нь шингээж байна. 
 
 2000 онд  аялал жуулчлалын баазын тоо 10 хүрэхгүй байхад Дэлхийн Өвийн экспертүүд ирээд ийм байдлаар ашиглагдсан газрыг Дэлхий хүлээж авахгүй гэдгээ хэлээд явсан. Гэтэл 2018 оны байдлаар БОАЖЯ-аас албан ёсны зөвшөөрөлтай аялал жуулчлалын бааз 124 байгаа бол, зөвшөөрөлгүйтэйгээ нийлээд 200 хүрчээ. Мөн гэр буудлын тоо 150 хол давсан. Эдгээрийн ихэнх нь  нуурын эргээс 100 метр хүрэхгүй шахам зайд буюу хамгаалалтын бүсэд, 50 гаруй нь 50 метр хүрэхгүй зайд буюу онцгой хамгаалалтын бүсэд байрлаж байна. БОАЖЯ-ы сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны 6-р сарын 05-ны А-230/127-р тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам” -ын 2.3.3-д  Онцгой хамгаалалтын бүсийг нуур, урсацын тохируулгатай усан сангийн эргээс 100 метрээс доошгүй зайд тогтооно. 
Онцгой хамгаалалтын бүсэд  усны эх үүсвэрийн барилга байгууламж барих, ашиглах,  гадаргын ус ашиглах тохиолдолд ус цэвэршүүлэх байгууламж барих, эргийн тохижилт  хийх, мод бут тарих, мал бэлчихээс бусад  бүх үйл ажилагаа явуулахыг, зуслан суурьшлын бүс байгуулахыг хориглоно гэж заасан. 
Гэтэл заалтыг хэрэгжүүлдэг хувь хүн, төр захиргааны аль ч байгууллага алга. 
Нэгэнт барьчихсан юмыг яаж буулгахав гээд “энэрэнгүй” төрийнхөн буцах, барьцсан нэг нь дахиад л нэмж хашаа хатгах. 
 
Яагаад заавал  эргийг хамгаалах ёстой гэж... 
 
Нуур, голын эргийн дагуу  яагаад хамгаалалтын бүс тогтоодог юм вэ, заавал ингэж хүмүүсийн амрах, алжаал тайлах, тэнд үйлчилгээ үзүүлж хэдэн төгрөг олох гэсэн иргэдийн хэрэгцээ, эрхийг ашгийг зөрчих хэрэг байна уу гэсэн асуулт яах аргагүй гардаг. Энэ асуултад судлаач, биологич мэргэжилтний хувьд хариулахыг хичээе. 
Аливаа гол мөрөн нуурын амин зүрх нь эргийн бүсэд оршдог. Ямар ч амьтны зүрх  биед орсон шим тэжээл, шингэнийг хүчилтөрөгчөөр дамжуулан бүх л биеийн эд эс рүү шахаж, хэрэггүйг нь буцааж шахан гаргах  бодисын солилцоог явуулдаг амин голыг тэжээдэг  гол эрхтэн юм. Зүрх орох тэр судсыг тасалбал амин голыг тасдлаа гэдэг. Тэгвэл нуурын эргийн бүсийн ургамал бүлгэмдэл энэ амин зүрхний үүргийг гүйцэтгэнэ.  
Нуур, голын эргийн дагуух ургамал орчноо дагаад маш өнгөлөг, хараа татам  үзэсгэлэнтэй, өвөрмөц гоё гоё цэцгүүдтэй, шим тэжээллэг орчинд ургадаг тул байгалийн ургац,  биологийн  төрөл зүйлийн тоо, баялгаараа ч их, түүн дээр төрөл бүрийн эрвээхэй, шавьж хорхой, соно, зөгий гээд зүйл бүрийн тоос хүртээгч шавьж чуулж байдаг. Эдгээр амьтад нь  эргийн бүсийн цаашдын   амьдралыг  тэтгэх, дэлгэрүүлэх, түгээх үүрэг гүйцэтгэдэг. Дэлхийд тэмдэглэгдээгүй 25 зүйлийн тэмээлзгэнэ, 20 зүйлийн соно олсон бол 250 зүйл эрвээхий 4, мөн 4 зүйлийн зөвхөн хамгийн цэвэр орчинд тохиолддог замаг байгааг судалгаа хийсэн гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид тогтоосон байдаг.  Мөн Хөвсгөл нуурын баруун талд зөвхөн ганцхан цэгээс 20 гаруй зүйлийн нэн ховор, ховор ургамлыг олж харж болох нь хаана ч байхгүй гайхамшиг юм.  
Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр Дэлхийн дулааралтаас болж дэлхий дээр байгаа эрвэээхэй, зөгийн төрөл зүйлүүд  устаж  байгаагаас  амьдрал мөхөх гэж байна, цэвдэг хайлж, цөлжих явц хурдсаж байна гэж  шуугин, халаглах боллоо. 
Гэтэл энэ бүхнийг хамгаалах хэвийн хэмжээнд байлгах  гол арга бол ургамал бүлгэмдлийг хамгаалах явдал. Хөвсгөл нуурын хувьд бол хамгийн чухал нь  эргийн бүсийн ургамлыг хамгаалах явдал юм.  
Ургамал бүлгэмдэл усыг хэрэглэх мөртөө бас  буцааж ялгаруулан агаарыг чийглэнэ. Амьтдыг орогнуулж,  хамгаалж, сүүдэрлэхээс гадна хоол тэжээл нь болж байдаг. Амьтад гэхээр хүмүүс хандгай, буга гөрөөсөөр төсөөлдөг. Гэтэл нуур голын экосистемд хамгийн хэрэгтэй амьтад бол тэнд орших усны болон эргийн жижиг  шувууд, хулгана, зурам, мэрэгчдээс эхлээд  тэмээлзгэнэ, соно, эрвээхэй, зөгий, мөн усан дотор амьдардаг зүйл бүрийн хөвөгч шавьж хорхойнууд орно.  Тэд мөн нуур, гол,  ус руу орсон органик үлдэгдлээр  хооллож, цэцэгсийг  тоос хүртээн, ургамлын үрийг тарааж өсөж үржихэд нь хариу туслахаас гадна эргийн амьтдын амьсгалаар ялгаруулсан  нүүрс хүчлийн хийгээр нь  ургамал  фотосинтезээ явуулж амьдардаг бол үхэж үрэгдэхээрээ хөрсөнд орж  задран ялзмаг үүсгэн, ургамлын хоол тэжээл  болж байдаг. Хөвсгөл нуурын эргийн бүс газрын 1 хувийг эзэлдэг мөртлөө тэндхийн хөрс нийт  амьтдын 4/1-ийг агуулж байдаг нь энэ эко системд ямар чухал үүрэгтэй болохыг харуулж байна.
 
Нуурын эргийн ургамал бүлгэмдэл нь бохирдлыг шүүх, усыг цэвэрлэх хосгүй үүрэгтэй
 
 
Ургамал бүлгэмдэл нь эргийн ургамал хөрсийг бэхэлж, нурж эвдрэхээс, гадаргууг нь хучсанаар хөрс хэт халж, усаа ууршуулан хатаж, гандахаас хамгаална.  Эргийн бүсийн ургамал маш шигүү бөгөөд орооцолдон, хоорондоо хэлхэлдэн ширэлдсэн үндэстэй байдаг нь татмын, халианы, үерийн ус хөрсийг угаан ус руу зөөвөрлөхөөс  хамгаална. Эргээр ургах улалж, үетэн, өлөн, гололжийн төрлийн ургамлуудын үндэс нь их хэмжээний ус чийгийг өөртөө шингээх, хальж дүүрсэн  усан дотор ч   амьсгалах, амьдрах  чадвартай  байдаг. Эндэхийн хөрс нь маш нарийн ширхэгтэй, шим тэжээл ихээр агуулсан байдаг тул  пролон шиг усыг өөртөө шингээгээд л,  хөвсийгээд л байдаг. 
Тиймээс  хэд ч үерлэсэн нуур голын эргийн хөрс угаагдаад алга болчихдоггүй, мөн байнгын сэвэлзэж байдаг голын хөндийн салхинд ч туугдан хийсчихдэггүй онцлогтой байна. 
Эргийн ургамал элдэв органик бохирдол ялгадсыг задлан өөрийн биедээ уусган хооллож байдаг. Нуур, голын эрэг ургамал бүрхэвчтэй байхад даацнаасаа хэтрээгүй бол  аливаа бохирдлыг ус руу оруулахгүй, эрэг орчимдоо боловсруулан цэвэршүүлэх үйлдвэрлэл явагдаж байдаг бөгөөд эргийн бүсэд үүсэх азотын 90 хувийг ургамал хэрэглэж, өөртөө шингээдэг нь тогтоогдсон байна. Иймээс хэмжээнээс хэтэрсэн ачаалал үүсгэхгүй л бол бохирдол үүсэхгүй гэсэн үг. Эртний Монголчууд энэ зарчмаар голын татамд зөвхөн зуны улиралд  малаа бэлчээж, хадлангаа авч харин бусад улиралд уулархаг газар, энгэр, бэлээр нутагладаг байсан. 
Голын эргийн бүсийн цэвэр цэнгэг байдлыг зохицуулагч өөр нэг чухал зүйл бол гол нуурын татам, түүний орчмын дагуул жижиг нуур, цөөрөм, булан тохойнууд юм. Эдгээр нуур цөөрөм, түүний доторх  ургамал нь  шим ба шим бус бодисын эргэлтийг явуулж,  усыг шүүж, цэвэршүүлээд нуур руу аваачдаг  байна. Тэгэхээр Хөвсгөл нуурын дагуух Онгилог, Тойлгот, Хилт, Долоон-Уул, Хилэнгийн нуурууд, Дээд, Доод модот булан, Ар давхар, Цомоо хад, Мэргэн, Модотын шанаа, Борсог, Доншиг зэрэг булан тохой, хойгуудыг бас онцгойлон хамгаалах шаардлага гарч байгаа юм. 
Нуурыг хамгаалах гэхээр дотор нь хог орж уу, загас нь цөөрч үү, өнгө нь өөрчлөгдөж үү гэж хараад байдаг. Гэтэл бидний нүдэнд харагдахгүй маш нарийн процесс тэнд явагдаж, байгалийн жамаасаа  даваад хэтрэхээрээ л нуурын ус бүлээсэж, халж, бохирдож, замагжиж,  ёроол нь тоосноос гаралтай шаварлаг хурдсаар бүрхэгддэг. Хөвсгөл нуурын усанд бохирдлын эдгээр шинжүүд аль хэдийн илэрсэн. Тэгэхээр бид геологи, биологийн процессийг байх хэмжээнээс нь давуулан бохирдуулж байгаа гэсэн үг. 
Хөвсгөл нуурын эрэг нь том туурайтан амьтдын  ой, тайга руу  нүүдэллэн явах коридор болдог бөгөөд хэт замбараагүй ашиглах нь эдгээр амьтдын орон зайн байршил, шилжилт хөдөлгөөнд нөлөөлнө.  
 
Эргийн бүсийн ургамлыг хамгаалахгүй бол Хөвсгөл нуур хамгаалагдахгүй
 
 
Хөвсгөл нуурын цэвэр байдлыг яаж хадгалах, хангах асуудлыг шийдэхэд  хамгийн гол хийх зүйл бол  эргийн бүсийг чөлөөлж, ашиглалтаас гаргах хэрэгтэй. Эргийн дагуух ургамал болон усан доторх ургамлыг хамгаалах хэрэгтэй. Ийм арга хэмжээ авч чадвал  ихэнх зүйл шийдэгднэ... 
Эргийн бүсийн ач холбогдлыг мэдэхгүйгээсээ болж алдсан улс орон олон байна. 2000 оны эхээр Япончууд “Манай  Бива нуур, Хөвсгөл нуур хоёулаа цэнгэг устай, адилхан унданд хэрэглэдэг  нуурууд, тиймээс бид хамтарч ажиллах, хамтарч судалгаа хийх хэрэгтэй” гээд л яваад байсан. Гэтэл тэд Бива  нуурын эргийг  нуралт, гадны нөлөөллөөс хамгаалаад  цементэн блокоор  хашилт хийчихжээ. Үүнээс  6 жилийн дараа Бива нуурын ус бохирдож, уух боломжгүй болсон байна. Бива нуур,  Хөвсгөл нуураас хэмжээгээрээ, усан агууламжаараа ч 2 дахин бага ч ерөнхийдөө том нуур. Хөвсгөл нуурт ийм эмгэнэлт байдал үүсэхэд түүнээс 2 дахин илүү жил зарцуулагдах ч хамгийн их анхаарч болгоомжлох асуудал юм. Тэгэхээр сэтгэлийн хөдөлгөөнөөр, дан ганц эдийн засгийн ашиг хонжоо харсан, амар хялбарыг бодсон, тооцоо судалгаагүй, шинжлэх ухаан ч бус, байгалийн жамаас холдуулсан ямар ч үйлдэл сайн үр дүн авчирдаггүйг энэ туршлага нотолж байна. 
 Энэ эмгэнэлт түүхийг Монголчууд бид давталгүй нуурын эргийн дагуух хайрга чулуу, ургамал бүрхэвчийг үл хөндөж, байгалийнхаар нь байлгах хэрэгтэй гэдгийг дэлхий нийтийн олон туршлага харуулж байна. 
Хөвсгөл нуурын эргэн тойрны цэвдэг гэссэнээс нуурын усны түвшин нэмэгдэж байгааг ус  цаг уурын ажилтнууд мэдээлсээр байна. Ийнхүү цэвдэг хайлаад дуусахад нуурын түвшин доошилж, нуурын усны эзэлхүүний хэмжээ багасна гэсэн үг. Цэвдэгийг хайлахаас хамгаалах гол хүчин зүйл нь  ургамал нөмрөгийг хэвийн байлгах явдал  юм.  Гэтэл бид Хөвсгөл нуурын эрэг орчмын бүх газрын нүцгэлээд, хөрсгүй, хатуу дагтаршсан газар болгож байна. 
Одоогийн байдлаар манай Монголчууд  иргэдээсээ эхлэн мэргэжлийн байгууллагаа хүртэл “Хөл дор гишгэгдэж байдаг өвс ургамал ч яахав, ус л чухал” гэсэн бодолтой, экологийн ийм л  хэмжээний мэдлэгтэй байна. 
Нуурын эргийн дагуу хүн мал төвлөрсөн нэлээд хэдэн цэгт ногоон замаг шинээр ургаж, жилээс жилд хэмжээ нь тэлж байна. Ногоон замаг нуурын ус бүлээсч халснаас, нарын гэрлийн тусгал нэмэгдсэнээс, үерийн ус гол руу орсноос, эргээр нь мал амьтан олноор бэлчсэнээс, хүний гаралтай бохирдол нэмэгдсэнээс ургадаг байна. Хэрэв ийнхүү ногоон замаг үргэлжлэн нэмэгдээд байвал  усан доторх амьд организмууд мөхөлд орох, усыг цэвэрлэгч ургамлууд нарны гэрэл нэвтрэхгүй болсноос үхэж, ногоон замаг нь хорт бодис ялгаруулан, дотор нь байх загас амьтанг үхүүлэх, мөн хүний эрүүл мэндэд нөлөөлөх, улмаар уух боломжгүй болгох аюултай.  
Бид л ногоон замаг ургах энэ бүх хүчин зүйлүүдийг  бий болгож байгаа бөгөөд эргийн бүсийн ургамлаа хайрлаж, байгалийн төрхөөр нь байлгавал өндөр өвс эргийн усыг сүүдэрлэж, хэт халалтаас сэргийлэн, үерийн ус болон бага хэмжээний бохирдол, малын гаралтай ялгадсыг хөрс, ургамал өөртөө шингээсээр байх болно. Иймээс нуурын эргийн бүсээ хамгаалж, хууль журмаа мөрдье. Хамгаалья гэхээр зөвхөн өөрийн эзэмшсэн газраа хашчихаад гадна талынхыг нь нийтийн эзэмшлийнх болгоод аль дуртайгаараа зам гаргаж, морь, машинаар сэлгүүцэж, зам засаж болохгүй ээ. 
 
Өнгөрсөн жил “Далайн захиргаа” хэмээх байгууллага Хөвсгөл нуурын эргийг ямар ч зөвшөөрөлгүйгээр  дур мэдэн ухаж, завины агуулах бариад гарсан шороог нь эргийн дагуу зам дагуулан асгаж байхад дуугарах, арга хэмжээ авах төр захиргааны байгууллага, ажилтан алга. Энэ тэдгээр байгууллагуудад нь хэлэхээр дээрээс зөвшөөрсөн, дарга тэг гэсэн, зарим нь бүр “Төрийн байгууллагуудын хооронд болоод өнгөрсөн асуудал” гэж байх жишээтэй. Ийнхүү төрийн байтугай, байгалийн хуулийг захирдаг дарга нартай, төрийн хуульд биш дарга нарт үйлчилдэг төрийн ажилтнуудтай болсноос  энэ бүх гай Хөвсгөл нуурт нүүрлээд байна. 
 
Нуурын эргийг зөвхөн алхаж очиж, харж баясаад буцдаг ийм л газар болгох ёстой билээ.  
Хөвсгөл нуурын эргээс 100 метрээс 200 метрийн дотор зам засах, эргийг бетондож хамгаалах, далан байгуулах явдал нь нуурын амьсгалыг боогдуулж, амин голыг тасалж байгаа хэрэг юм.  Нэгэн жишээ дурдахад Испани улс  Евро голынхоо татам дотор болон голын салаануудад суурин байгуулж, газар тариалан эрхэлж, зөвхөн голын усыг бетондон хашсан сувгаар урсгадаг болгожээ. Гэтэл тэрхүү гол 2 жилийн дараа гэхэд л ашиглах боломжгүй ногоон цээл болон урссан гэдгийг зориуд сануулья.   
Нуурын эргийн дагуу газар олж авах гээд улайран хөөцөлдөх иргэд, найзууд минь ээ. Гоё харагдвал л авч, өөрийн болгох гээд байдаг хязгааргүй хүсэл шуналаа татаж, Хөвсгөл нуураа цэнгэг байлгаж, ирээдүйн хүүхэд багачууд, хүн төрөлхтөнд үлдээхийн төлөө хүнлэг, өгөөмөр сэтгэл гарган сэтгэлээ амирлуулаач. 
Хөвсгөл нуурын ирээдүйг гартаа атгаж байгаа шат шатны төрийн байгууллага, байгаль хамгаалах ажилтнуудаас энэхүү хосгүй үзэсгэлэнт, цэнгэг нуурынхаа онцлогийг шинжлэх ухааны үүднээс судалж, өнгөн талаас нь бус жинхэнэ мөн чанараар нь, бодитоор  хамгаалаач гэж гуйя.
Хөвсгөл нуурыг гадны ямар ч байгууллага, судлаачид, хөрөнгө бэлтэй хүмүүс, улс төрчид хамгаалахгүй, эргээр нь амьдарч, ашиг шимийг нь хүртдэг нутгийн бид л хамгаална. 
Хөвсгөл нуурыг онгон, цэврээр нь байлгах нь Монгол улсын ирээдүйд олзын үүдийг нээж өгч байгаа хэрэг юм. Бидний үеийнхэн ийм нинжин сэтгэлтэй гэдэгт итгэлтэй байна.  
 
Биологийн ухааны доктор, ургамал судлаач  Ж.Оюумаа
 


Хөвсгөл нуурыг гадны ямар ч байгууллага, судлаачид, хөрөнгө бэлтэй хүмүүс, улс төрчид хамгаалахгүй, нутгийн бид л хамгаална