Шишхэд голын сав газар нь Монгол улсын Саяны нурууны зүүн үргэлжлэл Хөвсгөл орчмын уулсад багтдаг бөгөөд нийт 20260.6 км2 талбайтай. Хөвсгөл орчмын уулс нь гарал үүслээрээ Байгаль нуур орчмын уулстай адил уулс хоорондох ан цав дагаж тогтсон, уртрагийн дагуу байрлалтай.Шишхэд голын сав газар нь газар зүйн байршлын хувьд Хорьдол Сарьдагийн нуруу, Улаан тайгын уулс, Баяны нурууны хооронд оршино. Сав газрын төв хэсэгт байрлах харьцангуй тэгшивтэр гадаргыг “Дархадын цэнхэр хотгор” хэмээн нэрлэх бөгөөд мөстлөг, олон жилийн цэвдэг, түүний гэсэлттэй холбоотой үүссэн олон тооны нуурууд болон харилцан биенээ сэлбэн цутгасан том, жижиг гол, горхитой. Эдгээр гол, горхиуд нь Дархадын хотгорын хойд хэсэгт байрлах Доод Цагаан нуурт нийлж баруун зүгт нарийн хөндийгөөр урсан Енисей мөрний эх болдог. Доод Цагаан нуураас эх авсан Шишхэд голын дунд хэсэгт Тэнгис гол, доод хэсэгт Жолгын гол, хил гарах хэсэгт Бүсийн гол нийлдэг. Дархадын цэнхэр хотгор далайн түвшнээс дээш (д.т.д) дунджаар 1500-1600 м өргөгдсөн, урдаас хойш чиглэлд намсаж тогтсон, зүүн хойноос баруун урагш 90 км орчим урт, 40 км орчим өргөн, нийт 42.7 мянган га газрыг хамардаг. Баруун талаар Ивдэй, Хармай, Мунгараг, Хөгийн голын усны хагалбар, Хантайга, Хөхтайга, Лам тайгын салбар уулсаар хүрээлэгдсэн, өмнө талаар Өл, Тоомын өндөр даваанууд сүндэрлэнэ. Дархадын хотгорнь Монгол улсын хамгийн олон нууртай газар бөгөөд 350 гаруй том, жижиг нуур,тойром байдаг гэж үздэг. Эдгээр нууруудыг Бахтах, Хөг, Гуна, Арсай, Мунгараг, Шарга, Хогорго, Тэнгис, Шишхэд зэрэг олон голын ус тэтгэдэг . Засаг захиргааны нэгжийн хувьд Шишхэд голын сав газарт Хөвсгөл аймгийн зургаан сумын нутаг дэвсгэр хамрагдах бөгөөд үүнээс Цагааннуур, Улаан-Уул, Рэнчинлхүмбэ сумдын нутаг дэвсгэр сав газрын 97.7 хувийг бүрдүүлнэ. Бусад сумд болох Алаг-Эрдэнэ, Ханх, Баянзүрх сумдын нутаг дэвсгэр энэ сав газарт маш бага хэмжээтэй хамрагддаг ажээ.
Б.Туяа
Дэлгэрмөрөн шишхэд голын сав газрын захиргаанаас мэдээлж байна |
|
Сэтгэгдэл бичих