Цахим орчинд монгол бичгээр бичих боломжтой болов
2019-02-13 20:38:59, 994
Цахим орчинд монгол бичгээр бичих боломж хязгаарлагдмал байдаг. Иймээс монгол бичгийн хэрэглээг өдөр тутамд дэлгэрүүлэх зорилгоор хэл шинжлэлийн ухааны доктор, судлаачид “Болорсофт” компанитай хамтран "Тунгаамал" загварыг нэвтрүүлж буйгаа өнөөдөр танилцууллаа. 
Өдгөө хэрэглэж буй монгол бичгийн Юникодын загваруудыг хянаж сайжруулаад бусад оролдлогоос ялгах үүднээс "Тунгаамал загвар" хэмээн нэрийджээ. Энэхүү загвар нь Юникод стандарттай хагас нийцдэг бөгөөд Юникодын техникийн хорооны мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрсөн байна. Энэ шийдэл нь маш хялбар. Фонтууд болон өөрийн ашиглаж буй системд тохирох гарыг татаж суулгаад цахим орчинд монгол бичгээрээ чөлөөтэй бичиж, харилцах боломжтой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
"Монгол бичгээр цахим орчинд бичих шинэ боломж"-ийн талаар “Болорсофт” компанийн ерөнхийлөгч Ч.Мөнхнаран хэлэхдээ, “Монгол бичгийн дүрсийн болон авиа зүйн хувилбар гэсэн хоёр төрлийн хувилбар бий. Өнгөрсөн 11 дүгээр сард болсон монгол бичгийн кодчиллын олон улсын хурлаар Монгол Улсын хэмжээнд авиа зүйн загварыг баримтална хэмээн монгол эрдэмтэд санал нэгдсэн. Мөн энэ оны нэгдүгээр сард АНУ-д болсон хуралд манай төлөөлөл оролцон Юникодын мэргэжилтнүүдтэй зөвшилцөн авиа зүйн загвараар хийсэн фонтыг танилцуулсан. Ирэх дөрөвдүгээр сард Улаанбаатар хотод болох олон улсын Юникодын техникийн хорооны хурлаар олон шийдлийг танилцуулна. Бид мэдэгдсэн ёсоороо цахим орчинд Монгол бичгийн хувьд тунгаамал загварыг барих бөгөөд цаашид ч дэмжин бусад бүтээгдэхүүнүүдээ гаргах болно” гэв.МУИС-ийн багш Э.Мөнх-Учрал ярихдаа, “Хэдэн зуун жил монгол хүний оюунаар бүтсэн мэдлэг, түүхийг монгол бичиг уламжилж ирсэн. Монгол бичгийг мэдээллийн эрин зуунд цахим орчинд хэрэглэх боломж нь бүрдэхгүй юм бол үндсэндээ арчигдана гэсэн үг. Тиймээс бид “Болорсофт” компанитай хамтран  монгол бичгийг цаашид хэдэн мянган жил оршин тогтноосой гэсэндээ энэ шийдлийг гаргасан. Хүний гарын хурууны хөдөлгөөний давтамж, монгол үсгийн давтамжийг ажиглах зэргийг харгалзан, хэн бүхэнд хэрэглэхэд хялбар латин гарыг дагах юм. Хэрэглэж үзсэн хүмүүс амар хялбар байгаа тухай сэтгэгдлээ хэлж байгаа” гэв.
Уншигчид  www.mngl.net вэб сайтаас тус программыг татаж хэрэглэх боломжтой.
Ж.Болор


Цахим орчинд монгол бичгээр бичих боломжтой болов

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0