ЕБС-ийн сурагчдын өвлийн амралтыг сунгаж 12 дугаар сарын 15-наас хоёрдугаар сарын 15-ныг хүртэл буюу ид хүйтэн цагаар вирусын халдвараас урьдчилсан сэргийлж хоёр сар амраах тухай асуудал хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад буй. Энэ талаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас тодрууллаа.
Тэрбээр хэлэхдээ, “ЭМЯ, БСШУСЯ хамтран өвлийн ид ачаалал, агаарын бохирдол ихтэй үеэр сурагчдын амралтыг хэрхэн зохицуулах талаар санал боловсруулж байна. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудал эцэслэн шийдвэр нь гарч, олон нийтэд нээлттэй байдлаар шийдэгдэнэ. Гэхдээ нэг зүйлийг тэмдэглэж хэлэхийг хүсч байна. Хүүхдүүдийг ханиад томуунаас сэргийлэх нь чухал боловч нөгөө талаар Монгол Улсад хэрэглэгдэж ирсэн хичээлийн хуваарийн журмын дагуу онцгой тохиолдолд 21 хоногоос дээш хугацаагаар хичээлийг тасалдуулах заалт бий. Тэгэхээр дараа нь хичээлийг хэрхэн нөхөх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Хоёр сар амарна гэхээр долдугаар сарын 06, 07-ны өдөр хүрч сурагчдын амралт эхэлнэ. Наадам дөхөж амрахаар ЭЕШ-ыг хэзээ зохион байгуулах вэ гэдэг ачаалал боловсролын салбарт үүснэ. Тиймээс өвчлөлийн нөхцөл байдлыг харж, ид ачааллын үед 2 сар биш нэг сар амраах, бага ангийнханд хувилбарт зохицуулалт хийх талаар хамтран ажиллаж шийдвэр гаргах ёстой. Олон жил ажилласан багш нар 2 сараар сурагчдын хичээлийг тасалдуулна гэдэг боловсролын түүхэнд байгаагүй үзэгдэл, ул суурьтай хандаарай гэдэг санал тавьж байгаа. Тиймээс үүнд нухацтай хандах хэрэгтэй. Энэ жил дэлхийн хэмжээнд томуугийн цар тахлын онцлогтой төстэй шинж тэмдгүүд илэрсэн, мөн шувуу болон гахайн томуугийн хүний өвчлөлийн тохиолдлын тоо нэмэгдэж байгаа тул урьдчилан сэргийлэх, бэлэн байдлаа хангахыг олон улсын байгуулллагаас сэрэмжлүүлж байгаа учир үнэхээр тийм тохиолдол гарсан үед хорио цээр тогтоох байдлаар зохицуулах бололцоо хуулийн хувьд нээлттэй. Хүүхэд эрүүл байх ёстой, эрүүл байж боловсролоо авч явна гэдэг уялдааг хангаж зөв шийдвэр гаргахын тулд хамтарч ажиллаж байна” гэв. Өвлийн улиралд тэр дундаа 12 дугаар сараас манайд томуу, томуу төст өвчний дэгдэлт эрчимжиж нийт өвчлөлийн 90 гаруй хувийг 15 хүртэлх насныхан, 70 орчим хувийг 4 хүртэлх насны хүүхэд эзэлдэг гэх тоо баримт бий.
Ж.Болор
Ц.Цогзолмаа: Сурагчдын II улирлын амралтыг сунгах эсэхийг ирэх долоо хоногт шийднэ |
|
Сэтгэгдэл бичих