Дэлхийн банкны санхүүжилтээр “Глоб Интернэшнл төв” төрийн бус байгууллагаас боловсролын төсөв, худалдан авах ажиллагааны ил тод үйл явцыг сайжруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар зорилтот аймаг сумдад боловсролын илүү сайн чанартай үйлчилгээг хүргэх зорилготой хэрэгжүүлж буй “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төсөл Хөвсгөл аймагт 3 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Энэхүү төсөл Мөрөн сумын “Гурван-Эрдэнэ”, Цагаан-Уул, Цагааннуур, Улаан-Уул сумдын ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжиж байгаа юм. Дээрх сургуулиудаас аймагтаа жишиг болохуйц олон сайн туршлагыг нэвтрүүлж байгаа Гурван-Эрдэнэ сургуулийг бид энэ удаа онцлон танилцуулж сайн туршлагуудаас нь хуваалцаж байна. Мөрөн сумын Гурван-Эрдэнэ сургууль 12 дахь жилдээ эрдмийн охийг түгээж байна. Тус сургууль 90 гаруй багш ажилчидтай бөгөөд 43 бүлэгт 1380 сурагч суралцаж байна. Нийгмийн эгэх хариуцлага гэдэг нь “Иргэдийн сайн сайхан амьдралд нөлөөлдөг засаглал, үйлчилгээ хүргэхтэй холбоотой асуудал, бэрхшээлийг тодорхойлохоос эхлэн учир шалтгааныг нь ойлгох, зохих шийдлийг боловсруулахад иргэдийн оролцоог хангах үйл явц юм. Гурван Эрдэнэ сургуульд нүдэнд харагдах бусдад жишиг болох олон ажлыг хийж хэрэгжүүлжээ. Тухайлбал өөдлөх айл үүднээсээ гэдэг сурагчдынхаа санал санаачлаганд тулгуурлан хаалгаа, шинэчилсэн, ариун цэврийн байгууламжаа шинэчилсэн төсвийн самбартай болсон хүүхдүүдийн тоглож наадах талбай, сүүдрэвчтэй болсон зэргийг дурьдаж болно
“Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн хүрээнд Гурван-Эрдэнэ сургуульд сургууль ба гэр бүл хоорондын ойр дотно харилцааг хөхүүлэн дэмжих, хүүхдийн хөгжилд чухал нөлөөтэй эцэг,эх багш нарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой “Сургуулийн эцэг эх, багшийн холбоо” байгуулагджээ. Тус холбоонд Гурван-Эрдэнэ сургуулийн нийт эцэг эхчүүдийн 50 хувь нь гишүүн болсон байна. Сургууль эцэг эх багшийн холбоо нь гэр бүлийг найрсгаар хүлээн авч, сургуулийн ажилтнуудтай үр дүнтэй холбоо харилцаа тогтоон хүүхдийг гэр бүлийн орчинд болон сургууль дээрээ эрүүл саруул хөгжих, суралцах төлөвшихөд чухал нөлөө үзүүлж байгааг эцэг эхчүүд болон багш нар нь бахархан хэлж байлаа.
Мөн “Боловсролын салбар дахь ил тод байдал, эгэх хариуцлага” төслийн хүрээнд “Сайн засаглалыг дэмжигч иргэдийн оролцоо төрийн бус байгууллага нь Төсөв худалдан авах ажиллагааг нягтлах аргачлал дээр хамтран ажилласны үр дүнд эцэг, эх, багш мэдээлэл, төсвийн хэлэлцүүлгийг гурван жил дараалан амжилттай зохион байгуулжээ. Төсвийн тухай хуулийн 6.5.1-дэх “Төсөв хэлэлцүүлэх ба төсөв батлах үйл явц олон нийтэд ил тод байх ба, төсвийн талаарх мэдээлэл ойлгоход хялбар хэлбэрээр олон нийтэд хүртээмжтэй байх ёстой” журмыг үндэслэн Гурван-Эрдэнэ сургуулийн төсвийн төлөвлөгөөнд оруулах санал асуулгад саналын хуудсаар санал авах болон, эцэг эх, сурагч, багш нарын төлөөлийг оролцуулсан уулзалтаар 2 жил дараалан зохион байгуулсан. Үүнд нийт 150 орчим хүний санал авч эрэмблэн хамгийн олон санал авсан 5 асуудлыг сургуулийн төсвийн төлөвлөгөөнд оруулж өгөхийг хүсч сургуулийн захиралд хүргүүлэн ажилласан байна.
Боловсролын чанарт чухал нөлөө үзүүлдэг хүчин зүйл болох сургуулийн орчин дахь тулгамдсан асуудлууд байдаг. Ялангуяа Гурван-Эрдэнэ сургууль гэр хороолол дунд байрладаг учраас тоосжилт ихтэй, авто замын хөдөлгөөн ихтэй учраас зам тээврийн осол гарах эрсдэл өндөр сурагчид амарч тухлах газаргүй, сургуулийн номын сан стандартын бус гээд олон асуудал байсныг төсөл хэрэгжсэнээр шийдвэрлэж чадсан байна.
Сургуулийн сурагчдын хоёр дахь гэр сургууль гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Хамгийн гол нь сурагчид тохь тухтай стандартын орчинд боловсролын үйлчилгээг хүртэх учиртай. Сурагчдад юу хэрэгтэй байна ? юу дутагдаж байна ? гэдгийг Гурван-Эрдэнэ сургуулийн сурагчид багш болон захирал эцэг эхчүүддээ уламжилж гаргасан санал санаачлаганд тулгуурлан тулгамдсан асуудлуудыг шат дараалан шийдвэрлэн өгч байгаад сурагчид талархаж буйгаа хэлж байлаа.
Ийнхүү Гурван-Эрдэнэ сургуульд хэрэгжсэн төслийн үр дүнд 2016 онд Ариун цэврийн өрөөг нэн тэргүүнд сайжруулах санал тусгагдаж нийт 76 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар тус сургууль дотуур тохижилт сайтай ариун цэврийн өрөөтэй болсон. Сургуулийн биеийн тамирын заал харанхуй гэрэлтүүлэг муутай байсан бол гэрэлтүүлэгтэй болох гэсэн саналыг тусгаж өгсөний дагуу 8.6 сая төгрөгний санхүүжилт улсын төсвөөс гаргаж, хичээл явуулах, хүүхэд тоглох боломжоор хангагдсан. Сургуулийнхаа өнгө үзэмжийг сайжируулах ажлын хүрээнд гадна талаа будсан. сургуулийн төсвийн мэдээлэлтэй болж, юунд зарцуулагдаж байгааг хянах боломжтой болсон байна. Гурван-Эрдэнэ сургуулийн сурагчдын эцэг эх сургуулийн төсөв, Худалдан авах ажиллагааны талаар мэдээлэлтэй болсон зэрэг олон үр дүн гарчээ. Ийнхүү “Боловсролын салбар дахь Ил тод байдал, эгэх хариуцлага” төсөл Хөвсгөл аймгийн Гурван-Эрдэнэ сургуульд хэрэгжсэнээр аймгийн боловсролын төсөв, худалдан авах ажиллагааны мэдээлэл нээлттэй, ил тод байх түвшин, нийгмийн эгэх хариуцлага нэмэгдэж сургуулийн түвшний төлөвлөлт, хяналтанд эцэг эхчүүдийн оролцоо сайжирсан байна. Боловсролын төсөв худалдан авах ажиллагааны ил тод үйл явцыг сайжруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар орон нутагт боловсролын илүү сайн чанартай үйлчилгээ хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа төслийн үр шимийг Хөвсгөлчүүд хүртэж байна. Эх орны ирээдүй болсон хүүхэд багачууд бүхэн эрүүл стандартын орчинд боловсролын үйлчилгээг хүртэж “Сайн сургуулиас сайхан амьдрал эхэлнэ” гэдэгт итгэл дүүрэн байна.
Б.Гантуяа
Боловсролын салбар дахь бүтээлч хамтын ажиллагаа |
|
Сэтгэгдэл бичих