Сэтгэцийн эмгэгийн сэтгэл зүйн тусламж үйлчилгээг багаар үзүүлнэ
2023-10-23 16:25:41, 843

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газарт сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд эрүүл мэндийн анхан шатны болон бусад салбарын мэргэжилтэн нарын оролцоог нэмэгдүүлж, сэтгэцийн эмгэгийн талаар мэдлэг олгох зорилготой “Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн үеийн сэтгэл зүйн тусламж үйлчилгээ” сэдэвт сургалт эхэллээ.

Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хүндрэл, хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулахад олон мэргэжлийн багийн үйл ажиллагаа чухал үүрэгтэй байдаг.

Иймээс эмч, эмнэлгийн ажилтан, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, мэргэжилтэн нарт сэтгэцийн эмгэгийн талаар мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтаар ажлын практик ур чадварыг Монгол Улсын сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний байгууллага болон үйлчлүүлэгчийн тогтолцоонд ашиглаж сурах төдийгүй сэтгэцийн эмгэгтэй хүнийг таних, зөвлөгөө өгөх, чиглүүлэх чадварыг эзэмших ажээ.

Тус аймагт нийт 1652 хүн сэтгэцийн эмгэгийн хяналтад байдаг бөгөөд сард 25-30 хүн архины хамааралтайн улмаас хэвтэн эмчлүүлж байна.

Мөн өсвөр үе, залуусын дунд ахуйн газ, бензин үнэрлэх зэрэг тохиолдол нэмэгдэж байгаад анхаарах хэрэгтэйг Сэтгэц наркологийн тасгийн эрхлэгч Д.Мөнхзул хэлж байлаа.

Б.Ганаа

                                 



Сэтгэцийн эмгэгийн сэтгэл зүйн тусламж үйлчилгээг багаар үзүүлнэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0