Хөвсгөл аймагт “Хавдрын эрт илрүүлгийн төв” ирэх намар ашиглалтад орно
2021-06-02 22:28:32, 1097

Хөвсгөл аймгийн төв Мөрөн суманд Хавдрын эрт илрүүлгийн төв ирэх намар ашиглалтад орно. Тус  аймагт өнгөрсөн онд 270 хорт хавдрын тохиолдол  шинээр оношлогдсон  тохиолдлоороо улсад 3 дугаар байранд орж байгаа гэнэ.  Хорт хавдрын бүтцийг задлан авч үзвэл хоол боловсруулах эрхтэн тогтолцооны хавдар нийт тохиолдлын 60 гаруй хувийг дангаар эзэлж байна. Тус төвийн барилгын ажлын явцтай УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан танилцлаа.

Тэрбээр  “Элэг бүтэн Хөвсгөл хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймагт  хавдрын тусламж үйлчилгээг сайжруулах, олон улсын жишигт нийцсэн эрүүл мэндийн сайн үйлчилгээ, чанартай оношлогоо, шилдэг мэс заслын эмч нарын ур чадварыг нутагшуулахыг зорьж байгаа. Хөдөөгийн багуудаар хавдрын эрт илрүүлгийн баг ажиллуулж 6000 орчим хүнд хүрч үзлэг оношлогоо хийсэн туршлага бидэнд байна. Энэ ажлаа үргэлжлүүлэх Хавдрын эрт илрүүлэгийн төвийг байгуулах анхны санаачлага гаргаж, барилгын ажлыг  эхлэхээс дуусгах хүртэл зүтгэж ирсэн дурангийн эмч Ч.Болдбаатарт  баярлалаа”  гэдгийг онцолж байлаа. Монгол улсын хэмжээнд хавдрын тусламж үйлчилгээг Улаанбаатар хотод төвлөрүүлэн үзүүлдэг нь орон нутгийн хүмүүст эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж сул байх, тэр дундаа хорт хавдрын оношилгоо эмчилгээг оройтож авах, эдийн засгийн хувьд шаардлагагүй дагалдах зардал өндөр тусч байгаа  юм. Иймээс  иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих замаар хавдрын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах дадал зуршлыг бий болгох,  эдийн засгийн ачаалалгүйгээр хавдрын нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг харьяа орон нутгийн эмнэлэгт чирэгдэлгүйгээр хүргэх зорилготой Хавдрын эрт илрүүлгийн төвийг байгуулж байгаа ажээ.

Б.Ганаа

 



Хөвсгөл аймагт “Хавдрын эрт илрүүлгийн төв” ирэх намар ашиглалтад орно