Жил бүрийн 2 дугаар сарын 4-ний өдрийг Хорт хавдрын эсрэг Дэлхийн өдөр болгон иргэдэд хорт хавдраас урьдчилан сэргийлэх мэдлэг олгох, бүх нийтийн анхаарал хандуулах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдрийн хүрээнд Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгээс хорт хавдрын хор уршиг, урьдчилан сэргийлэх, химийн эмчилгээний дараах асаргаа сувилгаа зэрэг сэдвээр мэдээлэл, зөвлөгөө өглөө.
Хорт хавдрын өвчлөлөөр Хөвсгөл аймаг улсын дундажтай ойролцоо, нас баралтаар улсын дунджаас дээгүүр байдаг гэнэ. 10000 хүн амд хорт хавдрын нас баралт 2019 онд 16,7 байсан бол 2020 онд 15,3 болж 1,4 промилиор буурсан. Өнөөдрийн байдлаар хорт хавдрын хяналтад нийтдээ 781 хүн бүртгэлтэй байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 78 тохиолдлоор өсжээ.
Нийт хяналтад байгаа хүний 195 нь буюу 25 хувь нь элэгний хавдар, 139 хүн буюу 17.8 хувь нь умайн хүзүүний хавдар, 95 хүн буюу 12.2 хувь нь ходоодны хавдар, 49 хүн буюу 6.3 хувь нь бөөрний хавдар, 46 хүн буюу 5,9 хувь нь хөхний хавдартай байна. Өнгөрсөн онд 218 нас баралт бүртгэгдсэн ба энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 40 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй байгаа ажээ.
Б.Туяа
Хөвсгөлд хорт хавдрын хяналтад 781 хүн байна |