Хөвсгөл аймаг Улаанбаатар хотоос эхний ээлжид 250 орчим иргэдээ татан авна
2021-01-23 21:43:22, 2939

Хөвсгөл аймгийн Онцгой комисс  хуралдаж Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин хөл хорио тогтоосны улмаас Улаанбаатар хотод саатсан иргэдийг татан авах ажлын ажлын хэсгийг байгуулсан байна.

Ажлын хэсгийн ахлагчаар аймгийн Цэргийн штабын дарга, хурандаа С.Батхуяг томилогдсон байна.  Ажлын хэсэг эхний ээлжид Улаанбаатар хотоос орон нутагт ирэх иргэдийг бүртгэхэд 800 орчим иргэд ирэх хүсэлтээ өгчээ. Хүсэлт өгсөн иргэдийг аймгийн Статистикийн хэлтсийн мэдээлэлд тулган орон нутгийн иргэд мөн эсэх талаар тулгалт хийж, эрүүл мэндийн шалтгаанаар очсон, жирэмсэн, өндөр настан, бага насны хүүхэдтэй, оюутан гэсэн байдлаар эрэмбэлж эхний ээлжид 250 орчим иргэдийг татан авахаар болжээ.

Эрэмбэлэгдсэн иргэд  PCR шинжилгээгээ өнөөдөр өгсөн бөгөөд татан авалтыг ирэх даваа гарагийн 18 цагаас Драгон авто тээврийн төвөөс хийнэ. Хэдийгээр шинжилгээ нь сөрөг гарсан иргэдийг авч ирэх боловч голомттой бүс нутгаас ирж байгаа иргэд гэрийн 14 хоногийн дэглэмийн сайн мөрдөх хэрэгтэй гэдгийг аймгийн Шуурхай штабаас анхааруулаа.

Б.Ганаа 



Хөвсгөл аймаг Улаанбаатар хотоос эхний ээлжид 250 орчим иргэдээ татан авна