Хөвсгөл аймагт өнгөрсөн шөнө мэс засалд орсон нярайн биеийн байдал оройн 20 цагийн байдлаар хүнд боловч тогтвортой, мэс заслын дараах эмчилгээ хийгдэж байна гэдгийг Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Эрдэнэбаатар хэллээ.
Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс засал, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээ Нярайн тасгийн хамт олон ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Л.Ганбаяр эмчтэй телемедицинээр холбогдон 1300гр жинтэй төрөлхийн 12 хуруу гэдэс битүү нярайд онлайнаар мэс засал эмчилгээг амжилттай хийсэн байна.
Мэс засал оройн 22 цаг эхэлж шөнийн 01 цаг 30 минутад амжилттай дууссан байна. Тус эмгэг жилд нэг удаа ховор тохиолддог гэнэ. Мэс засалд орсон нярай нь дутуу төрсөн бага жинтэй бөгөөд төрөөд 7-8 дахь хоног дээрээ оношлогдон хагалгаанд орсон байна. Биеийн байдал хүнд байгаа тул нарийн мэргэжлийн бүх эмч нар хамтран ажиллаж байгаа гэнэ.
Хөл хорионы улмаас хот хоорондын хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоод буй энэ үед Эрүүл мэндийн салбарынхан телемедициний сүлжээгээ ашиглан мэс заслын яаралтай тусламж үзүүлж байгаа ажээ.
Б.Ганаа
Дутуу төрсөн, 12 хуруу гэдэс битүү нярайд мэс засал хийлээ |
|