Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27-р ангийн салааны захирагч, дэслэгч Д.Цэрэнпүрэвээр ахлуулсан 10 алба хаагч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 41 хоног үүрэг гүйцэтгээд ирлээ. Алба хаагчид коронавирусний голомтод бүх нийтийн бэлэн байдал, хатуу хөл хорионы үед иргэд болон зөвшөөрөлгүй техник хэрэгсэлд дэг журам сахиулах хамгаалалтын үүрэг гүйцэтгээд энэ сарын 29-нд ирсэн байна.
Эдгээр алба хаагчдын PCR шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан бөгөөд гэртээ 14 хоног тусгаарлалт, ажиглалтад байх юм байна.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт шинэ төрлийн коронавируст халдвар “Ковид-19”-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх ажилд Хойд бүсийн төв Орхон аймаг, Хөвсгөл, Булган аймгийн нийт 30 алба хаагч ажилласан байна. Дайчлагдан голомтын бүсэд ажиллаж, хүлээсэн үүргээ амжилттай биелүүлсэн нийт алба хаагчдад Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос талархал илэрхийлжээ.
Б.Гантуяа
ОБГ-ын алба хаагчид Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 41 хоног үүрэг гүйцэтгээд ирлээ |