Монгол Улсын Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Хөвсгөл аймагт амралтын өдрүүдэд ажиллав. Тэрбээр Эрүүл мэндийн салбарын 2020 оны төсөвт оруулах санал хүсэлтийг удирдлагууд, эмч мэргэжилтнүүдээс сонсох, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх, Хөвсгөл аймагт эмнэлгийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгоход чиглэгдсэн тоног төхөөрөмжийг гардуулав.
Мөн Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчидтай уулзалт хийлээ. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл орон нутагт ажиллах үедээ олон хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн юм. Тухайлбал Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр сумын Эрүүл мэндийн жишиг төвийг улсын хэмжээнд 6 суманд байгуулахаас Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Тариалан суманд жишиг эмнэлгийг байгуулахаар боллоо. Мөн Дэлхийн банкны санхүүжилтээр сум, ӨЭМТ-үүдийг компьютержуулахаар шийдвэрлэсэн нь тус аймагт хамгийн түрүүнд хэрэгжиж нийт 112 ширхэг компьютерийг хурууны хээ уншигч, иргэний үнэмлэх уншигчийн хамт хүлээлгэн өгөв. Тус уулзалтад 150 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдаж 2020 оны төсөвт багтаан оруулах санал хүсэлтээ хэлж байв. Сайдад уламжилсан санал хүсэлтүүдээс аймгийн Нэгдсэн эмнэлэгт 50 ортой хүүхдийн эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны төв байгуулах, Эрүүл мэндийн эмч ажилтнуудыг чадавхжуулах асуудлуудыг хүлээн авч нэн даруй шийдвэрлэхээр болов.
Энэ үеэр салбартаа үр бүтээлтэй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг шагнаж урамшуулав. “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан”-аар Энэбишийн Цэрэнхүү, Жамганы Туул, Гэндэндармаагийн Баяржаргал, Шагдарсүрэнгийн Тунгалаг, Дан-Одын Будгаа, Оюундалайгийн Дагиймаа нарыг шагнаж цол тэмдгээр, ЭМЯ-ны жуух бичгээр Балжиннямын Отгонбаяр, Санжмятавын Даваадулам, Намсрайн Алгирмаа, Сарантуяагийн Ундармаа, Цэдэнсодномын Хадбаатар нарыг тус тус шагналаа.
Б.Туяа
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Хөвсгөл аймагт ажиллав |
|
Сэтгэгдэл бичих