Сайн байна уу? Би ЕБС-ийн 8-р ангид суралцдаг. Аав ээжээс эрүүл саруул хайртай хүү нь болж мэндэлснээс хойш 14 жил өнгөрч байна.Хүний аав ээж хүүхдээ төрүүлж өсгөн амьдрал бэлэглэдэг бол 2 дахь амьдралыг эмч хүн бэлэглэдэг болохыг би саяхан мэдэрсэн...
2 дахь амьдрал гэдэг миний бодлоор өвчин зовиурыг ялж муу муухайг даван туулж дахин эрүүл энх болж ирээдүй гэрэлтэхийг хэлэх юм байна гэж бодсон юм. Миний ингэж бодож бичих болсон шалтгаан нь “Би PC гээч хорт зүйлд донтон дэлгэцийн хамааралтай болж аав ээж, ах дүү, багш найзууд гээд намайг гэсэн бүхнийг гомдоож зовоож байсантай холбоотой. Хичээлдээ маш дуртай, янз бүрийн олимдиад уралдаанд оролцдог ангидаа байтугай сургуульдаа манлайлагч хүүхэд байсан би хичээлийг огт сонирхохоо больж зөвхөн PC тоглохыг л хүсдэг болж, хичээл таслах, худлаа ярих өдөр тутмын зуршил болсон яг тэр үед НЭ-ийн сэтгэцийн их эмч Д. Мөнхзул намайг дээрх хорт зуршлаас салгах гэж зөвлөх ,тайвшруулах, ятгах зэргээр төвөгшөөхгүй ажиллаж байсан нь эмнэлэг зөвхөн тариа хийж эм уулгадаг гэж ойлгодог надад их сонин байж билээ.
Яагаад ч юм надад PC тоглох бодол огт төрөхгүй болчихсон байсныг анзаартлаа тэр эмчийн яриаг сонсоод л өнгөрч байсан байх...
Хэзээнээс ч юм бүү мэд, нэг л мэдэхэд надад PC биш аав, ээж ,найзууд, хичээл, удахгүй болох олимпиад тэр ч байтугай ирээдүйд мэс заслын эмч болох мөрөөдөл минь бодогддог болчихсон байсан.
Яг тэр мөчөөс би эргээд төрчихсөн юм шиг санагдаж эмч хүн алдаж оносон, буруудаж эндсэн өвдөж зовсон хүнд 2 дахь амьдрал буюу боломж олгодог юм байна гэж бодсон.
Надад 2 дахь боломжийг олгож тусалж дэмжсэн Д. Мөнхзул эмчдээ маш их баярлалаа. Таныхаа энэ ачийг би сайн сурч мөрөөдлөө биелүүлж хариулнаа.
Танд ажлын их амжилт хүсье.
Авьяас сургуулийн 8-р ангийн сурагч Ө.Өнөболд
“Эмч тандаа баярлалаа” захидлын уралдаанд тэргүүн байр эзэлсэн захидал |
|
Сэтгэгдэл бичих