Уурхайн нурангид дарагдсан дөрвөн хүнийг аврах ажиллагаа үргэлжилж байна
2019-03-01 15:12:34, 672
Төв аймгийн Заамар сумын нутаг "Эко-Алтан заамар" ХХК-ийн уурхайн нурангид дөрвөн иргэн дарагджээ. Аврах ажиллагааг хүч нэмэгдүүлэн зохион байгуулж буй талаар ОБЕГ-аас мэдээллээ.Ил уурхайн 100 метрийн өргөн, 80 метрийн гүнд зургаан хүн дарагдсан тухай дуудлага өчигдөр 16.50 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ. Осол гарсан даруй хоёр ажилтныг нурангиас эсэн мэнд аварсан байна.
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нараар ахлуулсан Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах ангийн 24 алба хаагчаас гадна, Орхон аймгийн онцгой байдлын зургаан алба хаагч өнөөдөр өглөө хүч нэмэн аврах ажиллагаанд оролцож байна.  ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, "Хоёр техникийн оператор, талбайд ажиллаж байсан хоёр нассосчин, нийт дөрвөн хүн дарагдсан гэх мэдээлэлд үндэслээд, тодорхой байршилд эрэл үргэлжилж байна. Нурангид өртөж, нас барсан дөрвөн хүнийг гаргаж авахад шаардлагатай бүх ажиллагааг хийх болно. Уурхайн хиймэл нуурын усны түвшин 10 метр орчим бөгөөд,  ус нь ил уурхайн хананаас шүүрч байгаа нь дахин нуралт үүсэж, аврах ажиллагаа хүндрэх магадлалтай" гэлээ.
 
С.Мөнхбаатар


Уурхайн нурангид дарагдсан дөрвөн хүнийг аврах ажиллагаа үргэлжилж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0