Өвөл, хавар хурдан морь уралдуулахыг хориглов
2019-01-30 19:04:52, 655
Засгийн газрын хуралдаанаар жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийн хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглолоо. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нар болон бүх шатны Засаг дарга нарт даалгав. Засгийн газрын 2018 оны “Өвөл, хаврын улирлын хурдан морины уралдааны тухай” 19 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 21 аймаг, Нийслэлийн Засаг даргад орон нутагтаа уралдаан зохион байгуулахыг хориглосон захирамж гаргах, захирамжгүйгээр уралдаан, сунгаа зохиосон бол хариуцлага тооцох тухай санал хүргүүлсэн.  Тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш зургаан аймаг, 13 суманд хурдан морины уралдаан болж 975 хүүхэд морь унаж оролцсон байна. Тогтоол зөрчсөн 12 хэргийг шалган Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хариуцлага тооцжээ.
1996-2017 онд болсон хурдан морины уралдааны үеэр 40 хүүхэд амь насаа алдсан байна. 2016 онд мориноос унаж бэртсэн тохиолдол 2199, 2017 онд 2223 бүртгэгджээ. Хүүхдүүдийн 56-62 хувь нь толгой, 27-37 хувь нь гар, 12-14 хувь нь хөл, зургаан хувь нь цээж, нуруундаа гэмтэл авсан байна.
 
Ч.Ариунболд


Өвөл, хавар хурдан морь уралдуулахыг хориглов

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0