АТГ-аас “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд сүүлийн хоёр жилд хийсэн ажлаа танилцуулав.
Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, “АТГ-ын ажлын хэсгүүд 3 удаа орон нутагт томилолтоор ажилласан. Засгийн газар, яам, агентлаг, тэдгээрийн харьяа 99 байгууллагад авлига гарах шалтгаан нөхцлийг арилгах 150 зүйл бүхий зөвлөмжийг хүргүүлсэн бол орон нутагт илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах чиглэлээр ИТХ, Засаг дарга нарт 279 арга хэмжээ бүхий зөвлөмж хүргүүсэн. Нийтийн албан тушаалтан, иргэд, олон нийт, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудад авлигын эсрэг богино хугацааны болон давтан сургалт явуулах, мэдээлэл түгээх, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах зорилгоор 170 хүн хүлээн авах хүчин чадалтай “Олон нийтийн төв”-ийг өнгөрсөн оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс нээсэн. Тус төвд авлигын шалтгаан, хор хөнөөл, хууль эрх зүйн зохицуулалтыг ухуулан таниулах сэдэвтэй 2-3 цагийн хичээлийг 262 удаагийн давтамжаар 21 мянга гаруй албан тушаалтанд заасан. АТГ албан тушаалтны мэдүүлэг хянах үйл ажиллагааг бүрэн цахимжуулахаар холбогдох техникийн шинэчлэлт хийсэн. Тухайлбал, Хөрөнгө, орлогын мэдүүлгийн цахим системийг шинэчилж, шинэ техник, технологийг нэвтрүүлж, цахим системийн ХОМ өгдөг 40 мянга гаруй албан тушаалтны мэдүүлгийг цахим мэдээллийн сүлжээнд байршуулж, олон нийтэд нээлттэй болгосон. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд “Оффшор бүсэд банкны данс эзэмших, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хуулийн этгээд байгуулахтай холбогдсон хориглолт”-ыг нэмсэн” гэлээ.
Мөн тэрбээр “Энэ онд гэмт хэргийн улмаас 332.0 тэрбум төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 17.3 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлсэн. Мөн үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 97.9 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэв. Түүнчлэн оффшор бүсээс 4.4 сая ам.долларыг оруулж ирсэн үр дүнтэй ажилласан” хэмээн онцлов.
Авлигатай тэмцэх газар сүүлийн хоёр жилийн хугацаанд хуульд заасан харьяаллын 1163 үйлдэлтэй, 1126 холбогдогчтой, 1040 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.
Өмнөх онуудтай харьцуулахад мөрдөн шалгасан хэрэг 628-аар буюу 2.5 дахин, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг 102-оор буюу 2 дахин, хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг 344-өөр буюу 4.7 дахин өссөн үзүүлэлттэй байна. Мөрдөгч нарын ажлын ачааллыг дунджаар авч үзвэл жилд 1 мөрдөгч 28.6 гомдол, мэдээлэл, 37.1 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.
Мэдээллийн дараа сэтгүүлчид асуулт асуув.
- ЖДҮХС-гийн асуудлаар шалгаж байгаа төрийн өндөр албан тушаалтнуудын асуудал юу болж байна вэ?
-ЖДҮХС-гаас энэ онд зээл авсан 200 гаруй компанийг шалгаж байна. Одоогоор ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригоос өөр төрийн өндөр албан тушаалтныг шалгасан зүйлгүй. Хуулиараа УИХ-ын гишүүдтэй холбоотой асуудлыг УЕП-оос их хуралд өргөн барина.
- Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэгт холбогдох хэргийг шалгаж байгаа юу?
-Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарт холбогдох хэргийг шалгаж байна. Энэ хэрэг өргөн цар хүрээтэй учир гадны байгууллагатай хамтран ажиллаж байгаа. Цаг хугацааны хувьд яаралтай шийдвэрлэх боломжгүй.
- Стандарт банкны хэргийн шалгалтын явцаас мэдээлэл өгөөч?
- Тус хэрэг Прокурорын хяналтад үргэлжилж байгаа. Жаст компани, Ш.Батхүүтэй холбогдох хэргийг шалгалтыг ойрын үед дуусгана.
- Чингис, Самурай бондын зарцуулалттай холбоотой хэргийн шалгалтын явцаас мэдээлэл өгөөч?
- Хөгжлийн банкны хэрэг хэмээн нэрлэж буй тус хэрэг дээр ЦЕГ-тай хамтран ажиллаж байна. Дотроо 30 гаруй хэрэг болж задарч байгаа. Тухайлбал, БХБ-ын сайд асан З.Баянсэлэнгэ, ТОСК-ийн хэлтсийн даргад холбогдох хэргүүд шүүхээр шийдэгдсэн. Хамтарсан ажлын хэсэг прокурорын хяналтад хэргийг шалгаж байна.
С.Мөнхбаатар
АТГ Оффшор бүсээс 4.4 сая ам.доллар оруулж иржээ |
|
Сэтгэгдэл бичих