С.Зоригийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Б.Содномдаржаагийн ар гэрийнхэн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаа, “Би саяхан хүүтэйгээ уулзаад ирлээ. Миний хүүг баривчлаад тусгай бэлдсэн өрөөнд тагнуулын н.Итгэл гэх хүнийг байлцуулж, “Энэ хэргийг хүлээ. Хүлээхгүй бол гэртээ харихгүй шүү. Хоолойг чинь бооно, чихийг чинь огтолно" гэж дарамталсан байна. Мөн мансууруулах бодис хэрэглэж миний хүүгээс байцаалт авсан гэнэ. Нийслэлийн прокурорын хэлтсийн дарга Ц.Амгаланбаатарыг нэг өрөөнд оруулж, С.Зоригийг яаж алсан, хэд хутгалснаа хэл гэж хэрэг хүлээлгэсэн. Ямар ч хэрэг хийгээгүй хүнийг хэлмэгдүүлж байна. Анх Булган гэрчийн мэдүүлэг өгөхдөө эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан гэсэн. Гэтэл тагнуулынхан дөрвөн хүн С.Зоригийг алсан болгож худал хэрэг бүрдүүлсэн. Хэргийн ул мөрийг баллах зорилгоор нэг гэр бүлийн дөрвөн хүнийг санаатай галдан шатаасан гэх хэрэг нэмчихээд байгаа. Үнэндээ уг айлд цахилгааны утсаас болж гал түймэр гарсан байдаг. Шүүх хуралд бид олон хүсэлт тавьсан. Хяналт тавьж өгөөч, хүн хэлмэгдүүллээ гэсэн. Хэрэг хийгээгүй хүүгээ гаргаж авмаар байна” гэв. Мөн үеэр Б.Содномдаржаагийн өмгөөлөгч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэдгийг сэтгүүлчдэд санууллаа.
Ж.Батсайхан
Б.Жавзмаа: Дөрвөн хүн С.Зоригийг алсан болгож худал хэрэг бүрдүүлсэн |
|
Сэтгэгдэл бичих