Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Онцгой байдлын Ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан “Шуурхай бүлэг Хөвсгөл аймагт ажилласан.
Энэ үеэр аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн VII хуралдааныг хийж, Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд өвөлжилтийн нөхцөл байдал болон шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.
Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр салбар дундын мэдээлэл солилцох, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах эрсдэлийн түвшингээ тодорхойлон “Өндөржүүлсэн бэлэн байдлын идэвхжлийн горим”-д шилжин ажиллаж байгаа хэмээн Засаг дарга Л.Ганболд дурдсан.
Монгол Улсын Засгийн газар, Сангийн яамнаас баталсан төсөвт багтаж өр авлага үүсгэхгүйгээр ажиллахыг чиглэл болгож байгаа хэдий ч цаг үеийн нөхцөл байдал, зайлшгүй санхүүжүүлэх шаардлагатай доорх зардлуудад төсөв хөрөнгө дутагдаж хүндрэл үүсч байгааг Шуурхай бүлэгт танилцууллаа.
Тухайлбал Шинэ коронавирусний болзошгүй эрсдэлээс хүн амыг урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилгоор эрүүл мэндийн болон төрийн бусад байгууллагын албан хаагчдад нэн хэрэгцээтэй байгаа эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис зэргийг авахад шаардлагатай байгаа 245,7 сая төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг шийдэх асуудлыг тавив.
Мөн Жаргалант, Шинэ-Идэр, Галт, Төмөрбулаг, Цэцэрлэг, Тариалан, Их-Уул зэрэг суманд цас их унаж дагтаршин мөстөж, хүйтний эрч тогтворжиж, өвөлжилт хүндэрч байгаа тул аймгийн Улсын нөөцийн салбарт он дамжин хадгалагдаж байгаа өвс, тэжээлийг хөнгөлөлттэй үнээр малчид, иргэдэд олгох, Бүрэнтогтох, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын автомашинуудын ашиглалтын хугацаа дууссан, цас зудтай нөхцөлд төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэхэд шаардлага хангахгүй болсон тул шинэчлэх шаардлагатай байгааг уламжиллаа.
Энэ үеэр Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан орон нутагт бүхий л бололцоог ашиглан шуурхай арга хэмжээ авч ажиллаж буй удирдлагуудад талархал илэрхийлсэн юм.
Шадар сайд аймгийн засаг дарга сум, багийн Засаг дарга болон холбогдох албан тушаалтнуудад цаг үеийн асуудлаар тухай бүр үүрэг чиглэл өгч, хоорондоо уялдаа холбоотой нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах, аймаг, орон нутгийн хүн амд шинэ коронавирус болон шувууны томуугийн H5N1 халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр идэвхтэй ажиллахыг үүрэг болгов.
Мөн эрүүл ахуйн дэглэмийг баримтлах талаар зөвлөгөө, мэдээлэл өгөхөд онцгой анхаарах, ХӨСҮТ-өөс гаргасан стандартын дагуу аймаг, орон нутагт оёдлын цех, үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж, амны хаалт үйлдвэрлэх, халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээнд шаардагдах санхүүжилтын асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэж Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах зэрэг үүрэг, чиглэлийг аймаг, орон нутгийн удирдлагуудад өгөв.
Б.Гантуяа
Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг сайтар ханган ажиллаж байна гэж дүгнэв |
|
Сэтгэгдэл бичих