МОН 9183 төслөөс Зөгийчдийн зөвлөгөөнийг зохион байгуулав
2019-03-19 22:14:56, 615
Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх /МОН 9183/ төслөөс Хөвсгөл аймгийн зөгийчдийн 3 дугаар зөвлөгөөнийг Мөрөн хотод зохион байгуулав. Энэ үеэр Монгол Улсын зөгийн аж ахуйн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, тус аймагт зөгийн аж ахуйг хөгжүүлэх боломж, МОН 9183 төслийн зөгийн аж ахуйг хөгжүүлэхэд хэрэгжүүлж буй ажил, зөгийн бэлчээрийн хамгаалалт ба орон нутгийн түвшинд хоршин ажиллах арга замуудын талаарх мэдээллийг өгч байв.
 
МОН 9183 төслийн зүгээс цаашид тус аймагт зөгийн аж ахуйг хөгжүүлэх тухай санал дэвшүүлсэн бөгөөд оролцогчид аймаг, сумдын удирдлага, төрийн болон төрийн бус байгууллагууд иргэдэд хандан уриалга гаргалаа.Тус уриалгад  “ Хөвсгөл аймгийн “Зөгийн аж ахуйг хөгжүүлэх хөтөлбөр”-тэй болоход бодлогоор дэмжиж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх төсөв, санхүүгийн эх үүсвэрийг шийдэхэд дэмжлэг үзүүлэх, “Зөгийн аж ахуй”-г тогтвортой хөгжүүлэх эрх зүйн орчинг бататгахад дэмжлэг үзүүлэх, Хөвсгөл аймгийн хэмжээнд зөгийн бэлчээрийн даац, нөөцийг тогтоох судалгаа хийлгэх зөгийн аж ахуйн өртгийн сүлжээг хөгжүүлэх боломжийг тодорхойлох судалгаа хийхэд дэмжлэг үзүүлэх, зөгийн бал, зөгийн аж ахуйн бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх шаардлагатайг тусгажээ. Мөн аймгийн гадаад хамтын ажиллагааны хүрээнд хил залгаа ОХУ-тай “Зөгийн аж ахуй”-г хөгжүүлэхэд хамтран ажиллах гэх мэтээр доноруудтай харилцаа холбоо тогтоох, зөгийн аж ахуйг хөгжүүлэх замаар иргэдийн амьжиргаа дэмжих санал санаачилга бүхий төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэнд дэмжлэг үзүүлэх, хүн амаа эрүүл экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах зарим зорилтын хүрээнд “Зөгий” өсгөн үржүүлэхэд иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг уриалжээ.
 
 
Хөвсгөл аймгийн 8 суманд 35 зөгийчин 350 бүл зөгийтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд цэвэр байгалийн ургамалын  зөгийн балын үнэ хямд байна цаашид үнийг нь нэмэгдүүлэх, борлуулах сүлжээ хэрэгтэй байгааг зөгийчид хэлж байв. Тус зөвлөгөөнийг  Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх МОН 9183 нэгдсэн төслөөс санаачлан Хөвсгөл аймгийн ЗДТГ, ХХААГ, Зөгийн аж ахуй эрхлэгчид хамтран зохион байгуулж 9 сумын 80 гаруй төлөөлөл оролцож өөрсдийн өмнө тулгамдаж буй асуудлаа хэлэлцэн ярилцаж, туршлага солилцон орон нутагт зөгийн аж ахуйг хөгжүүлэхэд нэгэн зорилтын хүрээнд хамтран ажиллахаар боллоо.
Б.Гантуяа 
 
 
 
 


МОН 9183 төслөөс Зөгийчдийн зөвлөгөөнийг зохион байгуулав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0