Хатгал тосгоны жуулчны баазуудын захиалга дуусчээ
2019-02-27 17:43:30, 667
Монгол орны хойморт орших Хөвсгөл нутгйинхан өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөл нууран дээр мөсний баярыг 20 дахь жилдээ ирэх сарын 2-4-ний өдрүүдэд зохион байгуулна. Сүүлийн жилүүдэд мөсний баярыг зорин ирдэг иргэдийн тоо эрс нэмэгдсэн байна. Мөсний баяр болохтой холбогдуулан Хатгал тосгоны ойролцоо үйл ажиллагаа явуулдаг жуулчны баазууд захиалгаа авч дуусчээ. Мөн Мөрөн сумын томоохон буудлуудын захиалга ч дууссан байна. Тус аймагт анхны жуулчны бааз "Тойлогт" 1992 онд байгуулагдсанаас хойш 70 гаруй жуулчны бааз, 110 гэр буудал болон өргөжиж аймгийн төв Мөрөн хотод нэг ээлжиндээ 40-100 хүн хүлээн авах хүчин чадалтай 6 зочид буудал, 14 дэн буудал ажиллаж жилдээ 100 мянга гаруй гадаад дотоодын зочин гийчдийг хүлээн авч үйлчилгээ үзүүлж байна. Жуулчны баазуудын 80 орчим хувь нь Хөвсгөлийн Тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт буюу Ханх сум, Хатгал тосгон Хөвсгөл нуурын баруун, зүүн эрэг дагуу байршиж үйл ажиллагаагаа явуулж байна. Тус  баазууд нь аялал жуулчлалын улиралд гадаадын 5000-8000, дотоодын 60-70 мянга  орчим жуулчин хүлээн авдаг бөгөөд хүчин чадлын хувьд аялал жуулчлалын компани нэг ээлжиндээ 100-120, гэр буудлууд 15-30  хүртэлх жуулчин хүлээн авах хүчин чадалтай  гэнэ. 
 
Б.Ганаа


Хатгал тосгоны жуулчны баазуудын захиалга дуусчээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0