Монгол Улсад хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 93 жилийн ойн өдөрт зориулсан "Хөгжилд хамтдаа" хүүхдийн 9-р чуулган Мөрөн хотод болов. Чуулганд аймаг, сумын сургууль бүрээс сонгогдсон нийт 234 хүүхэд оролцож тулгамдаж буй олон асуудлаа аймгийн удирдлагуудад уламжиллаа.
Сурагчид "Бид тохь тухтай орчинд суралцмаар байна. Хөдөө орон нутагт зарим сургууль өвөлдөө хүйтэн, халдаггүй. Сумдад хүүхдийн номын сан байхгүй, чөлөөт цагаа өнгөрүүлэх дугуйлан явагддаггүйгээс сурч, боловсорч чадахгүй, төвийн хүүхдүүдээс хоцорч байна, өвлийн улиралд гадаа бие засах хүндрэлтэй байдаг учир эко 00 хэрэгтэй, өвлийн улиралд эрт харанхуй болдог, гудамж талбай гэрэлгүй, золбин нохойноос айдаг, зарим багш нар сайн хүүхэдтэйгээ ажиллаад, бусад хүүхдээ тоодоггүй, сурагчдыг ялгаварлан гадуурхах тохиолдол орон нутагт байна" гэж ярьж байлаа. Сурагчдын өмнө тулгамдаж буй олон асуудлыг сонссон аймгийн Засаг дарга Л.Ганболд, БСУГ-ын дарга Я.Дашзэвэг болон зөвлөлгөөнд оролцсон холбогдох хүмүүс гарч буй санал санаачлагыг цаашид анхаарч, үйл ажиллагаандаа тусган ажиллах болно гэдгээ хэллээ.
"Хөгжилд хамтдаа" хүүхдийн чуулганаар “Хүүхдийн талаарх бодлогын хэрэгжилт цаашдын зорилт", “Хүүхдийн хамгаалагдах эрхийн хэрэгжилт- салбарын байгууллагын оролцоо”, “Хүүхдийн хөгжих эрхийн хэрэгжилт-боловсролын байгууллагын оролцоо”, “Хүүхдийн эсэн мэнд амьдрах эрхийн хэрэгжилт-эрүүл мэндийн байгууллагын оролцоо”, Хүүхдийн үг хөгжилд хүүхдийн санал бодлыг сонсох, “Хүүхдийн эрүүл мэнд оролцоо”, “Хүүхдийн хамгаалал хамтын ажиллагаа”, “Миний асуудал-таны шийдвэрт” өсвөрийн сурвалжлагч клубын хүүхдүүдийн илгээмж, “Хүүхдийн эрхэд суурилсан дуу хоолой” зэрэг сэдвээр мэдээлэл, зөвлөгөө өгч аймгийн хүүхдийн элч, аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлийг сонгож, шинээр сонгогдсон аймаг сумын хүүхдийн элч, нэгдсэн зөвлөлийн хүүхдүүдэд батламж гардууллаа.
СУРАГЧИД ТУЛГАМДАЖ БУЙ ОЛОН АСУУДЛАА АЙМГИЙН УДИРДЛАГУУДАД УЛАМЖЛАВ |
Сэтгэгдэл бичих