Гойд ашиг шимт 36 толгой хээлтүүлэгч малыг 19,2 сая төгрөгөөр худалдан борлуулжээ
2024-09-24 15:24:32, 145

Хөвсгөл аймагт  гойд ашиг шимт хээлтүүлэгч мал шалгаруулах шилмэл малын үзэсгэлэн худалдааг 2 дахь жилдээ зохион байгуулж  36 толгой хээлтүүлэгч малыг  19,2  сая төгрөгөөр худалдан борлуулжээ.

Үзэсгэлэн худалдаанд тус аймагт өсгөн үржүүлдэг баталгаажсан үүлдэр, омгийн мал болох Цагаан-Уул үүлдрийн хонь, Дархад үүлдрийн хонь, Тэс үүлдрийн адуу, Эрчим хар үүлдрийн ямаа,  Дархад омгийн адуу, Хогоргын монгол үхрийг өсгөн үржүүлэгч  цөм сүргийн шилмэл хээлтүүлэгч 70 гаруй малыг танилцууллаа.

 

Тус аймгийн байгаль, цаг уур, бэлчээрийн маллагаанд онцгой зохицсон нутгийн малыг өөр дотор нь цэврээр сонгон үржүүлэх уламжлалт арга технологид суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй үржил селекцийн ажлыг олон арван жил тасралтгүй явуулж иржээ.

Үүний үр дүнд бие даасан уналга, эдэлгээ, хурдны чиглэлийн Тэс үүлдрийн адуу, уналга, эдэлгээ  мах чиглэлийн Дархад омгийн цагаан адуу, мах, өөх, бүдүүвтэр ноосны Дархад, Цагаан-Уул үүлдрийн хонь, ноолуурын чиглэлийн Эрчим хар үүлдрийн ямааг тус тус үүлдрээр батлуулсан байна.

Хөвсгөл аймаг 21914 малчин, мал бүхий өрхөд 5,7 сая толгой мал тоолуулж улсдаа малын тоогоор тэргүүлсээр байгаа төдийгүй хамгийн олон үүлдэр, омгийн малтай юм.

Цаашид малын тоонд бус чанарт анхаарах бодлого барин ажиллаж буйг аймгийн ХХААГ-ын дарга Я.Эрхэмбаяр онцолж байлаа.

Б.Тамираа



Гойд ашиг шимт 36 толгой хээлтүүлэгч малыг 19,2 сая төгрөгөөр худалдан борлуулжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0