“Сэрүүн сайхан хангай” уртын дууны улсын уралдаанд 50 гаруй дуучид оролцлоо
2026-06-08 15:43:54, 155

 Монгол ардын уртын дууны өв соёлыг хадгалан хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, залуу уран бүтээлчдийг дэмжих, орон нутагт соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Сэрүүн сайхан хангай” уртын дууны улсын уралдаан Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 2 дахь жилдээ өргөн дэлгэр боллоо.

Энэ удаагийн улсын уралдаанд нийслэл болон орон нутгаас ирсэн 50 гаруй уртын дууч оролцож, монгол уртын дууны өв соёл, уламжлалыг түгээн дэлгэрүүллээ.

Мөн энэ үеэр соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор дээлтэй монгол өдөрлөг, 1200 хүүхдийн  үндэсний бүжиг, сарлагийн уралдаан, хурдан морины уралдаан, үндэсний бөхийн барилдаан,  гар урлал, өв соёлын үзэсгэлэн зэрэг үндэсний өв соёлыг сурталчилсан олон үйл ажиллагааг зохион байгууллаа.

Нутгийн ардын аман уламжлал болон хошуу ноён Гэмпилдоржийн түүхэн намтарт тэмдэглэснээр Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны ноён Гэмпилдорж 1840-өөд оны үед “Сэрүүн сайхан хангай” уртын дууны үг, аяыг зохион дуулсан бөгөөд энэхүү дуу нь тус хошууны сүлд дуу болсон түүхтэй юм.

 

 

Далай Чойнхор вангийн хошуу нь өдгөөгийн Архангай аймгийн Тариат, Хангай, Цахир, Өндөр-Улааны тал, Хөвсгөл аймгийн Жаргалант, Галт, Шинэ-Идэр сумд, Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл сумын урд зах, Идэр сумын зүүн захыг хамарсан өргөн уудам нутагтай байжээ.

Энэ дууг дэлхийн дэвжээнд, сонгодог түвшинд хүргэн дуулсан хүн бол яах аргагүй алдарт дуучин Намжилын Норовбанзад агсан юм.

Тэрбээр 1956 онд Бүх ард түмний урлагийн их наадамд дуулж улмаар 1957 онд Москва хотноо болсон Дэлхийн залуучууд, оюутны наадмаас “Сэрүүн сайхан хангай” дуугаар алтан медаль хүртсэн нь монгол хүн дэлхийн тайзнаас уртын дуугаараа анх удаа алтан медаль хүртсэн юм.

2024 онд Хөвсгөл аймгийн Жаргалант суманд "Сэрүүн сайхан хангай" уртын дууны улсын анхдугаар уралдаан болж 11 аймаг, 45 сум, нийслэлийн 9 дүүрэг болон нийслэлийн мэргэжлийн театр чуулгын төлөөлөл нийт 77 уртын дуучид оролцсон байна.

“Сэрүүн сайхан хангай” уртын дуунд:

Сэрүүн сайхан хангайд

Тунгалаг ус урснаа минү зээ

Сэтгэлийн дундаас тодорхой

Минийн нэгэн алдрай минү зээ

 Магнай дундаа сартай

Хөөрхөн борлог морь минү зэ

 Манийн төлөө зовнигч

Манхан буурал аав минү зэ

Алтай хангайн гургалдай

 Ариухан модонд жиргэнэ минү зэ

 Ахан дүү нартайгаа хамт

Тэнүүн сайхан жаргана минү зэ

Төрсөн газрын тэнгэр нь

 Тэнүүн болоод уужим минү зэ

 Тэр олон нөхөдтэйгээ

 Тэнгэрийн жаргалаар жаргана минү зэ  хэмээн дуулдаг ажээ. 

Б.Гантуяа 



“Сэрүүн сайхан хангай” уртын дууны улсын уралдаанд 50 гаруй дуучид оролцлоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0