Хөвсгөл аймгийн Ахмадын хороо, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар хамтран ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг орон нутагт зохион байгуулах мэргэшсэн баг бэлтгэх зорилтын хүрээнд “ Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээний мэргэшсэн багш бэлтгэх“ шаталсан сургалтыг “Ахмадын эрх , хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал” сэдвийн хүрээнд зохион байгуулав. Сургалтад сум, орон нутгийн 40 орчим ахмад хамрагдлаа. Энэ онд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас үндэсний сургагч багшаар тус аймгийн таван ахмадыг бэлтгэсэн бөгөөд бэлтгэгдсэн ахмад багш нар сургалтад оролцож мэдээлэл өгчээ. Сургалтаар эрх зүйн чиглэлээр арга зүйн зөвлөгөөг хэрхэн үзүүлэх, ахмадуудын нийгмийн оролцоо, түүнийг идэвхжүүлэх боломж, анхаарах асуудлууд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын чиглэлээр зөвлөн чиглүүлэх туслалцаа үзүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох арга зүй, ахмадуудын амьжиргааны чадвартай холбоотой чиглэлээр зөвлөн чиглүүлэх туслалцаа үзүүлэх зэрэг сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн аж. Ахмадуудыг зөвлөх үйлчилгээний мэргэшсэн багшаар бэлтгэснээр орон нутгийнхаа ахмадуудад мэдээллээ хүргэх, зөвлөн чиглүүлэх, хамтран ажиллах боломж илүү бүрдэнэ гэж албаныхан онцлов.
Б.Гантуяа
Ахмадуудыг зөвлөх үйлчилгээний мэргэшсэн багшаар бэлтгэж байна |
|
Сэтгэгдэл бичих