Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр аймгийн Цагаатгах ажлыг зохион байгуулах салбар комиссоос хөдөлгөөнд оролцож буй жолооч нарыг гэрлээ асаан хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэхийг уриалав.
Боловсрол шинжлэх ухааны газартай хамтран бүх сургуулийн ахлах ангийн сурагчдад улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн өдрийг хүндэтгэх, хор уршгийн талаарх мэдээ, мэдээллийг таниулан сурталчилж байна. Мөн Мөрөнгийн хүрээ Гандандаржайлан хийдэд хэлмэгдэгсдийн дурсгалд зориулан Ганжуур, Данжуур хурлаа.
Тус аймагт 2500 гаруй хүн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн тоо баримт байдаг. Хэлмэгдсэн иргэдэд 800 гаруй сая төгрөгийн нөхөх олговрыг олгосон байна. Харин 2019 оноос улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийн төрсөн болон ар гэр, үрчилж авсан хүүхдэд нөхөх олговор олгоно гэсэн хуулийн дагуу 59 иргэнд шүүхийн шийдвэр гарч 52 иргэн 2 тэрбум 882 сая 500 мянган төгрөгийн нөхөх олговрыг аваад байна гэдгийг Цагаатгах ажлыг зохион байгуулах салбар комиссын нарийн бичгийн дарга Р.Машбат мэдээллээ.
Тус аймгийн Орон нутаг судлах музейд 1937, 1938 оны үеийн хэлмэгдүүлэлтийн үеийн гэрч болох толгойдоо нэг болон хоёр удаа буудуулан нас барсан лам нарын гавлын яс, гаанс, хонх гээд эдэлж хэрэглэж байсан эд зүйлс хадгалагдаж байна.
Бурханч лам Д.Пүрэвбат 2000 онд Мөрөн сумын урд байрлах лам нарыг буудан хороосон Элстийн ард малтлага хийж олдсон эд зүйлсийг музейд хүлээлгэн өгчээ.
Б.Гантуяа
Хөвсгөл аймгаас 2500 гаруй хүн хэлмэгджээ |
Сэтгэгдэл бичих