Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ахуйн бохир усны биологи цэвэрлэгээний Цэвэрлэх байгууламжийн ажлын гүйцэтгэл 95 хувьтай байгаа бөгөөд ирэх 4 дүгээр сард ашиглалтад орно.
Тус цэвэрлэх байгууламжийн хүчин чадал нь хоногт 3000 м3 бохир усыг хүлээн авч, биологийн цэвэрлэгээний “Хөдөлгөөнгүй өнгөр тогтоогч бүхий идэвхт лагийн“ технологи ашиглан цэвэрлэх байгууламжаас гарсан лагийг боловсруулан бордоо хийх боломжтой юм. Цэвэрлэх байгууламжийн ойролцоох багийн иргэдэд урин дулааны цагт бохир их үнэртдэг учраас иргэдийн эрүүл ая тухтай орчинд амьдрах эрх зөрчигдөж ирсэн. “Анх удаа монгол инженерүүд Монгол орны цаг уурын нөхцөлд тохирохуйц цэвэрлэх байгууламжийн шийдэл гарган, бохир ус цэвэрлэх байгууламжийг шинэлэг технологи ашиглан барьснаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл багасч, орон нутгийн оршин суугчдын эрүүл ахуй, орчны стандарт дээшилж, иргэд ая тухтай эрүүл орчинд амьдрах боломж бүрдэх олон талын ач холбогдолтой гэнэ.
Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжүүлж буй “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн МОН 3713” төсөл нь Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан Хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан 5 аймгийн төвд бохир ус цэвэрлэх байгууламж барих ажлыг 2019 онд эхлүүлсэн ажээ.
Б.Ганаа
Цэвэрлэх байгууламж 4 дүгээр сард ашиглалтад орно |