Хөвсгөл аймгийн Мөрөнгийн хүрээ Гандандаржайлан хийдээс зуны адаг сарын шинийн 13-ы лусын буулттай, рашааны барилдлагатай өдөр буюу энэ сарын 25-нд Хөвсгөл далайн их тахилгыг анх удаа хуучны дэг ёсны дагуу хийх гэж байна. Их тахилгад Мөрөнгийн хүрээний 40 орчим лам хуврагууд хүрэлцэн ирж лусын номнуудыг уншиж, сэржим өргөж даллага авах ба тахилгад ирсэн иргэдийн хүссэн номыг газар дээр нь уншиж Далай ээждээ хүндэтгэл үзүүлэн хамтдаа залбирах гэнэ. “Сүүлийн жилүүдэд Хөвсгөл далайд лам хуврагууд сан тавьж ном уншиж байсан боловч энэ жилийн хувьд эрт дээр үеийн Хөвсгөл далайг тахьдаг байсан хуучны дэг ёсыг сэргээж анх удаа их тахилга үйлдэхээрээ онцлог” гэдгийг Мөрөнгийн хүрээ Гандандаржайлан хийдийн Ловон лам М.Мөнхбат хэлж байлаа. Иргэд сүсэгтэн олон их тахилгад хүрэлцэн ирснээр цэнгэг тунгалаг, ариун тансагаараа хойчийн үедээ өвлөгдөн ирсэн байгаль дэлхийн ариун дагшин бүтээл “Хөвсгөл далай”-гаасаа эрч хүч авч буянаа аривжуулан номын дуунд даган баясах боломжтой ажээ.
Б.Гантуяа
"ХӨВСГӨЛ ДАЛАЙ"-Г ХУУЧНЫ ДЭГ ЁСНЫ ДАГУУ АНХ УДАА ТАХИНА |
|
Сэтгэгдэл бичих