Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийдийн ээлжит бус удирдах зөвлөлийн хурлаар Д. Батдэлгэрийг ловон ламын албанд томилж ширээнд заллаа. Гэвш, ловон лам Д.Батдэлгэр нь 1981 онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд мэндэлсэн, 1996 онд өвгөн багшдаа шавилан төвд бичиг үсэг заалгаж улмаар Мөрөнгийн хүрээнд шавилан суусан байна.
Д.Батдэлгэр ламтан 2005 онд Банчин Ойбүрүл ринбүүчи багшаас гэцэл сахил, 2006 онд XIV Далай багшаас гэлэн сахил хүртсэн. 2018 онд өмнөд Энэтхэгийн Гоман дацанд парчэн равжамбын дамжаа барьжээ. Түүний цанид чойрын гол багш нарыг дурдвал Гоман дацангийн багш лхаарамба Жигмэджамцо, монгол багш Жавзандорж нар юм.
Түүний зэрэгцээ аг тарнийн увдис дамжлагын олон багш нарыг шүтсэн бөгөөд монголчуудын оройн дээд шүтээн болсон XIV Далай лам, Госог ринбүүчи, Жадо ринбүүчи нарын багш нараас ховор, нандин тарнийн дамжлага увдисыг хүртжээ. Д.Батдэлгэр ламтан Гоман дацанд арав гаруй жил суралцахдаа Мөрөнгийн хүрээнийхээ шинэ залуу боловсон хүчин, лам хуврагуудыг бэлтгэхэд ихээхэн анхаарч иржээ.
Б.Гантуяа
Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийдийн ловон лам Д.Батдэлгэрийг ширээнд заллаа |