Дээрхийн гэгээнтэн 14-р далай багшийн дэргэдэх Намжил дацангийн Хансүр Жадо Ринбүчи Данзанжунай Мөрөн хотод морилж байна.
Жадо ринбүчи, сахилын нэр нь Түвдэнжунай гэдэг, 1954 онд Төвдийн нутагт Лхасаас 220 км зайтай байдаг Тэнгэр Нуурын орчимын Абу Хор гэдэг нутагт малчин айлынд төрсөн. Гурван настайдаа нутгийнхаа Жадо хийдийн хамба ламын зургаадахи дүрийн хувилгаан ламын хойд дүрээр тодорч ширээнд залагджээ.
1959 онд түүнийг таван настай байхад Хятадууд Төвдийг эзлэхэд Балба, Энэтхэгт дүрвэн гарч Умарт Энэтхэгийн Далхауси гэдэг газарт байгуулагдсан хувилгаан хүүхдүүдийн сургуульд сурч бичиг үсэг үзэж, Бурхны шашны уншлага номонд боловсорсон байна. 1964 онд 14-р Далай ламаас банди сахил хүртэж, 1973 онд Лин ринбүчигээс гэлэн сахил хүртжээ.
1972 оноос 1990 оныг хүртэл Өмнөд Энэтхэг дахь Сэражи хийдэд шавилан суралцаж, 1991 онд Төвдийн бурхны шашны лам нарын дундах эрдмийн хамгийн өндөр цол болох гэвш лхаарамба цолыг хамгаалжээ. Улмаар цаашид Жүдод дацанд тарнийн ёсны номонд боловсорч, 1992-1996 онд Далай Ламын дэргэдийн Намжал Дацан хийдийн багшийн албанд томилогдож ажиллаж байгаад 1997 онд тус хийдийн хамба ламаар сонгогдож 2004 он хүртээд хамбын ширээнд суужээ.
Жадо ринбүчи 1991-1992, 1994, 1995, 1999, 2005,2006, 2007, 2008 онуудад Монгол оронд уригдан ирж Шашны дээд сургуульд бурхны шашны гүн ухааны ном заан Монголын лам хар сүсэгтэн олонд бурхны ном айлдаж байсан. Монгол орноос гадна Америк, Европын олон оронд бурхны ном номлох үйлсийг дэлгэрүүлдэг. Тэр бээр Монгол хэл мэддэг цөөн Төвд лам нарын нэг юм.
Жадо ринбүчи бол эдүгээгийн Төвдийн бурхан шашны Гэлүгба ёсны (манайхан шарын шашин гэдэг) хамгийн өндөр дээд эрдэм боловсролтой лам нарын нэгт тооцогдож байгаа бөгөөд Далай Лам болон түүний хоёр багш болох Лин ринбүчи, Тижан ринбүчи, Бакүла ринбүчи, Түлшиг ринбүчи зэрэг олон эрдэмтэй багш нарыг шүтэж, бурхны шашны судар тарнийн ёсны дамжлагуудыг хүлээн авсан хүн юм. Жадо ринбүчийг Цагийн Хүрд буюу Калачакра ёсны номонд мэргэшсэн цөөн лам нарын нэг гэдэг. Түүнчлэн Сэра хийдийн сахиус Хаянхирваа бурханы дамжлагыг бүрэн төгс баригч цөөхөн хүмүүсийн нэг юм.
2007 онд Монголд морилохдоо Гандантэгчэнлин хийдийн Идгаачойлин дацанд Хаянхирваа бурхны авшиг, эш дамжлага тэргүүтнийг тэнд цугларсан хэдэн зуун сүсэгтэн олонд хоёр долоо хоногийн турш харамгүй сэтгэлээр бүрэн хүртээж, Дархан, Дорнод аймаг зэрэг газруудаар явж Арван Хангалын эш дамжлага хүртээх зэргээр сүсэгтэн олонд номыг хурыг буулгасан ажээ.
Б.Гантуяа
Хансүр Жадо Ринбүчи Данзанжунай Хөвсгөл аймагт морилж байна |
Сэтгэгдэл бичих