Хөвсгөл аймгийн Мөрөн хотын хойморт орших Дулаанхан уулыг эрт дээр үеэс уламжлан тахин шүтэж иржээ. Зуны эхэн сарын шинийн 28-ы билэг дэмбэрэлтэй сайн өдөр Мөрөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар хамтран Дулаанхан уулын овоог тахиж, бэсрэг наадам зохион байгууллаа.
Наадмын нээлтэнд Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх оролцож "Бэсрэг наадам нь өв уламжлал, ёс заншлаа хүндэтгэн дээдэлж ирээдүй хойч үедээ уламжлуулан үлдээх зорилготойгоос гадна төрийн үйлчилгээг иргэдэд наадамчин олонд ойртуулсан арга хэмжээ болсноороо онцлог арга хэмжээ" болж буйг хэлж байв. Энэ үеэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар Мөрөн сумын алслагдсан багийн малчин иргэдэд үзлэг оношлогоо хийж, зөвлөгөө өгч ажилласан байна. Овооны тахилга наадамд хүчит 32 бөх барилдсанаас Улсын начин Ч.Хөхчирэнгэр түрүүлж, аймгийн арслан Г.Батням үзүүрлэж, хурдан даага болон хязаалан насны морьд уралдлаа. Дулаанхан уул нь Мөрөн сумын хойморт оршдог учраас Хөвсгөлчүүд тахин шүтэж ирсэн бөгөөд сүүлийн үед сар шинийн өглөөний нарыг олон иргэн Дулаанханы орой дээрээс хардаг болжээ. Мөн Сүүн тахилт төрийн бус байгууллагаас Дулаанхан уулын энгэрт зорин очиж буй иргэдэд зориулан сүүний тогоог байрлуулсан байна. Энэ нь иргэд уул хангайдаа очихдоо цайлган цагаан сэтгэлийг билэгдэн сүү авч очиж өргөн залбирч байхыг уриалсан хэрэг ажээ.
ДУЛААНХАН УУЛЫН НААДАМД УЛСЫН НАЧИН Ч.ХӨХЧИРЭНГЭР ТҮРҮҮЛЭВ |
|
Сэтгэгдэл бичих