Тэс адууг “Үүлдэр”-ээр батлав
2019-11-25 22:40:56, 475
ХХААХҮ-ийн сайдын тушаалаар батлагдсан “Үржлийн малд хянан магадлагаа хийх, баталгаажуулах, үүлдэрлэг байдлыг тодорхойлох, хяналт тавих журам”-д заасны дагуу тухайн адуунд явуулж ирсэн сонгон үржүүлгийн ажлын үр дүнг ажлын хэсэг хянан магадлах ажлыг хийж Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул суманд үржүүлдэг Тэс омгийн адууг хурдны уналга эдэлгээний чиглэлийн  “Үүлдэр”–ээр баталлаа. 1982 онд тус аймгийн үржлийн фермийг байгуулснаар Цэцэрлэг, Цагаан-Уул суманд Тэс адууны цөм сүргийг үржүүлж, шинжлэх ухааны үндэслэлтэй үржил селекцийн ажлыг явуулж эхэлсэн байна. Тэс омгийн адуу нь байгаль цаг уурын эрс тэс нөхцөлд өсөж үрждэг ч амьдын жингийн үзүүлэлтээр бусад үүлдрээс 20-40 кг илүү, сэрвээ, биеийн ташуу уртаар 6-10 см их аж. Мөн арьс зузаантай учир урт уяатай гараанаас гараад 4-5 км явж байж хөлс нь гарч бие нь тавигдаж, газар ахих тусам хурдлах чадвар нь нэмэгддэг, цуцаа багатай тэсвэр хатуужилтай гэнэ. Тэс омгийн адуу нь дотроо “Таван тэс-говь”, “Гандан жас”, “Хотгойд” гэсэн 3 удамтай. Хотгойд удмыг Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул суманд үржүүлдэг, сэрвээний өндөр 128 см, нэлээд махлаг, туурай нь цомбон, удам хоорондын солбилцуулах үржүүлгийн арга хэрэглэдэг. Бэлчээр ашиглах, уналга эдэлгээ даах чадвар гойд сайн бөгөөд бусад удмаас арьс нь зузаан, үс сахлаг, биеэр бусад удмаас намхан лагс чамбай биетэй адуу гэдгийг Хөвсгөл аймгийн ХХААГ-ын Мал үржлийн албаны дарга Б.Бямбасүрэн хэлж байлаа.
 
 Б.Баянцагаан 


Тэс адууг “Үүлдэр”-ээр батлав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0